Хатуу хөл хорионы дэглэм цаашид үргэлжилбэл 12 дугаар сарын сүүл гэхэд манай улсын эдийн засгийн байдал хүндэрч, 450 мянга гаруй иргэн ажлын байраа алдана гэх судалгааг МҮХАҮТ-ээс гаргажээ. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай холбогдож эдийн засгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрээр, “Ковид 19” цар тахалтай энэ үед ААН байгууллагууд ажилтнуудаа хадгалж үлдэх эсэх нь хүнд сорил болоод байна. Ийм нөхцөлд УОК, НОК-оос гаргаж буй шийдвэрүүд ойлгомжтой ил тод байх нь чухал. Сунгагдсан 10 хоногийн хөл хорио дуусах үед гаргах шийдвэрүүдээ одоо бэлдсэн байх шаардлагатай.
Хөл хориог сунгах явдал нь ялангуяа хуваариа бизнес эрхлэгчдэд маш хүнд тусч байгаа юм. Иймд төсвөөс төрийн өмчит компаниудын үргүй зардлыг бууруулж яаралтай тодотгох хэрэгтэй. Жижиг дунд бизнес эрхлэгч ААН-үүдийг дэмжих чиглэл рүү төсвийг хандуулах нь нэн шаардлагатай асуудал.
Мөн миний хувьд иргэдийг нийгмийн даатгал, НӨАТ-аас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Бусад орнуудын хувьд эдийн засаг нь сэргэж байгаа тулгуур бодлогын нэг нь мөнгөний бодлого. Манай улсын хувьд мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн нь маш зөв алхам боллоо.
Түүнчлэн төсвийн бодлогоо танахгүйгээр зөв тал руу нь чиглүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын үр өгөөжийг харгалзан хөрөнгө оруулалтаа хийх шаардлагатай юм” гэлээ.