Зам халтиргаа гулгаатай байгаа энэ үед жолооч нар хурд хэтрүүлэн давхих, зуны дугуйтай замын хөдөлгөөнд орох зэрэг асуудлаас үүдэн осолдож амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна.
Тухайлбал энэ сарын 3-нд,
- шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.
- өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.
- өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдаар зорчих ёстой.
Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Зам тээврийн албанаас анхаарууллаа.