Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-аас 1992 онд албан ёсны тэмдэглэлт өдөр болгон баталгаажуулан тэмдэглэж ирсэн юм.
"COVID-19"-ийн цар тахлын нөлөө дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гүнзгий нөлөөлсөөр байна. Иймд энэ жил НҮБ энэ өдрийг "Илүү сайнаар цогцлоох нь: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулсан, хүртээмжтэй, тогтвортой, цар тахлын дараах дэлхийн төлөө!" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнгөрсөн онд энэ өдрийг олон улсад “Хүртээмжтэй ирээдүй” урианд дор тэмдэглэсэн юм.
Дэлхий нийтэд 2025 он гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах, ажиллах орчинг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилтыг тавиад байгаа юм. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Хөдөлмөрт зуучлах төвийг нээн, тэднийг ажилтай орлоготой болгохоор ажиллаж байна. Мөн ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх сургагч багш нарыг бэлдээд байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107 мянга орчим иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй, саадгүй зорчих барилга байгууламж, гудамж талбайн зориулалтын дэд бүтэц бий болж байгаа ч тэд хамгийн гол нь нийгэм, олон нийт тэдний талаарх хандлагаа өөрчлөх нь чухал байна гэдгийг хэлж байна.