УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар эхэллээ. Шадар сайд Я. Содбаатар цар тахлын үед УОК болон ЗГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүдэд танилцуулан COVID-19-ийн талаар хэлэлцэж байна.
Шадар сайд Я.Содбаатар, “Дотоодын халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 болсон. Тодруулбал, Улаанбаатарт 18, Сэлэнгэд 24, Дархан-Уулд 8, Дорноговьд 1, Орхон аймагт 13, Говьсүмбэрт 1 тохиолдол батлагджээ.
Энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтод ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүний дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон.
Мөн 1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангагдсан. Оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц 3 сарын бэлэн байдалд байна. Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул, Ховд, Дорнодод нэг нэг лаборатори ажиллаж байна. Улсын хэмжээнд 2241 иргэн 41 байранд тусгаарлагдаж байна. Тусгаарлах байрны түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийх ажлыг хийж байгаа. Эрээнцав боомтыг 12-р сарын 1-нийг хүртэл хаахаар шийдвэрлэсэн” гэв.