Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 44 иргэний фэйсбүүк хуудас, хаягийг ЭЦА–аас илрүүлэн шалгаж байна.
Энэ талаар ЭЦА–ны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Н.Энхчимэг, “Монгол улсын Засгийн газар, УОК–оос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед цахим сүлжээгээр бооцоотой мөрийтэй тоглоомыг зохион байгуулан тоглосон гэх 44 иргэний цахим хаягийг тогтоон, хаалгах хүсэлтийг харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэн ажиллалаа.
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа фэйсбүүкээр шууд “лайв” дамжуулан, “5000 төгрөгийг 30000 мянган төгрөг болгон өсгөж авах боломжтой” хэмээн тайлбарлаж хандалт авч байна. Улмаар иргэд мөнгө олох зорилгоор тоглоомд нэгдэж залилуулах эрсдэлд орж байгаа юм” гэв.
Иймд иргэд хууль бус зүйлд гар бие оролцохоос зайлсхийж, залилан үйлдэх гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулъя.