Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, энэ хугацаанд барилга, хот байгуулалтын салбарын төдийгүй хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, соёлын харилцаа өргөжиж байгаа талаар тэмдэглэн хэллээ.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Солонгосын талаас КОЙКА-ийн шугамаар 2013 онд барилга, хот байгуулалтын салбарт буцалтгүй тусламжаар баригдсан усан санг Яармаг, Шинэ яармаг хорооллыг цэвэр усаар хангах зориулалтаар хийж гүйцэтгэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын Засгийн газраас баримталж буй “Шинэ умардын бодлого”-д ухаалаг хот байгуулалтыг тэргүүлэх /зам тээвэр мөн багтсан болно/ зорилтод тавьж буйг салбарын асуудал эрхэлсэн сайдын хувьд талархууштай хүлээж авч байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын ухаалаг хотын шийдэл, дахин төлөвлөлтийн туршлага, тэдгээрт ашиглагдаж буй технологийн дэвшлийг Монгол Улсад зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай төдийгүй тухайлбал Инчеоны эдийн засгийн чөлөөт бүсэд хэрэгжүүлсэн туршлагыг Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Шинэ зуунмод төсөлд нутагшлуулахаар төлөвлөж байгаа нь Монгол Улсын хувьд дагуул хотыг барьж байгуулах талаар салбарын чадавхийг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах санал солилцлоо.
Элчин сайд Ноён Ли Ё Хун ч мөн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай бүтээн байгуулалт, дагуул хотуудын асуудлаар уулзаж санал солилцож буйдаа таатай байна гэдгээ илэрхийлсэн юм.