Боксын шигшээ багийн гишүүн олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар энэ сарын 23-ны өдөр Эрдэнэт хотод тэмцээнд оролцож байх үеэрээ бусдад зодуулж хүнд бэртэл авчээ.
Хэргийн талаар тодруулбал “Golden gem” клубийн дасгалжуулагч С.Эрдэнэбат түүнийг зодож хүнд гэмтээсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Бид болсон үйл явдлын талаар дасгалжуулагч С.Эрдэнэбатаас тодруулга авлаа.
-Таныг боксчин Э.Цэндбаатарын биед халдаж гэмтээсэн гэх мэдээлэл гараад байна. Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юу?
-Яригдаад байгаа шиг тийм сүртэй асуудал болоогүй.
-Э.Цэндбаатарын тухайд ирэх жил зохион байгуулагдах олимпийн наадмаас медаль тааварт дээгүүр бичигдэж байгаа тамирчин шүү дээ. Биеийн байдал ямар байна вэ?
-Би хэлж мэдэхгүй байна. Миний хувьд яг одоо тэмцээнтэй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломж алга” гэсэн юм.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Орхон аймгийн цагдаагийн шалгалтын ажиллагаа явуулаад эхэлжээ. Харин гэмтэл авсан Э.Цэндбаатарын тухайд эмнэлэгт хандаад байгаа гэнэ. Одоогоор гэмтлийн зэрэг нь гүйцэд тогтоогдоогүй байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар өмнө нь Хандгайт дахь бэлтгэлийн байрнаасаа оргож шөнийн цэнгээний газарт бусадтай зодолдон хүнд гэмтэл авч спортоос жил орчмын хугацаанд завсарлага авч байсан билээ.