Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.10.24/ есөн хүнээс Covid-19-ын халдвар илэрсэн талаар мэдээллээ. Тэд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн бөгөөд долоо нь Монгол, хоёр нь гадаад улсын иргэн юм байна.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 337 болж байна. Үүнээс 312 эдгэрсэн бол 25 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ эмчлүүлж байна.
Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 11 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас хойш эрүүл мэндийн салбарынхан өнөөдрийг хүртэл 84710 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 30382 хүн тусгаарлагджээ.