Улсын хэмжээнд энэ сарын 12, 13-нд нийт 1352 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирусний халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Тэд энэ сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй аж. Ингэснээр тус онгоцоор ирсэн дөрвөн хүн халдвартай болохыг тогтоожээ.
Харин есдүгээр сарын 9-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн, ОХУ-ын иргэн, 53 настай жолооч эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн 320 тохиолдлоос 311 нь эдгэрч буй юм. Эдгэрсэн хүмүүсээс гэрийн ажиглалтад 4, сувилалд 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавирусний улмаас 9 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
Түүнчлэн өнөө өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүлсэн байна.