УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрээр энэ талаар УИХ-ын зарим гишүүд төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр мэдэгдлээ.
"Эрдэнэс Монгол" ХХК байгалийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани болно гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдэгдлээ. Ингэхдээ тус компани үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлж, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж ажиллана гэдгийг хэллээ. Тэрээр компанийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, тус компани Байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээр болоод буйг танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Б.Энхбаяр нар танилцсан юм.
Тус компани 2007 оны 2 дугаар сарын 22-нд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан юм. Өнөөдрийн байдлаар тус компани “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Мон-Атом”, “Эрдэнэс Шивээ Энержи”, “Эрдэнэс Метан”, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан, “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-д болсон уулзалтын үеэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэхдээ, Төсвийн байнгын хорооны гишүүд өнгөрсөн 7 хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (хуучнаар ТӨХ) ажиллах үеэр хэд хэдэн анхаарал татахуйц асуудал гарсныг дуулгалаа. Тодруулбал, манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд нийтдээ ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй боловч төсөвт тушаах орлого энэ жил 150 тэрбум төгрөг, ирэх онд 180 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.
Үүнээс харвал төрийн өмчит компаниуд 0.4-0.6 хувийн өгөөжтэй ажиллаж байна. Улсын төсвөөс даруй 2-3 дахин их, ДНБ-ий 80 орчим хувьтай тэнцэхүйц том эдийн засгийг УИХ баталж, хянахгүй явж болохгүй. Иймд 2021 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхдээ төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг мэдэгдсэн юм.