“Тайваний Үндэсний хааны ордон музейн Азийн урлагийн фестиваль-2020”-ын хүрээнд “Монгол сар” үйл ажиллагаагаар дамжуулан Монголын үндэсний соёл уламжлалыг танилцуулж байна.
Тус музейн өмнөд салбарт энэ сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-нийг хүртэл соёл урлагийн үзүүлбэр, сэдэвчилсэн лекц, номын үзэсгэлэн зэргээс гадна Монгол орны байгаль орчин, түүх соёл, эдийн засгийн амьдрал, зан заншил, шашин шүтлэг зэрэг олон талын арвин баялаг мэдээлэлтэй танилцах “Монгол сар” үйл ажиллагаа болж байна.
Үүнд, Тайваньд аж төрж буй монгол иргэд, Монголын соёлын чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, урлаг соёлын хамтлаг оролцохоос гадна Монгол үндэсний дуу бүжгийн тоглолт, мини монгол гэр барих, шагайн харваа, зураг, монгол үндэсний сүүтэй цай бэлтгэх зэрэг олон төрлийн ажил зохиох аж. Үүнээс гадна Буддын шашны Гэлүгийн урсгал, монгол наадам, уул овооны тахилга, ангийн соёл, Монгол оронд байдаг дэлхийн өвд багтсан газар орон зэрэг сэдвээр лекц зохион байгуулах юм.