2020.09.30-ны өдөр Улаанбаатар хотод машинууд зам дээр түгжирч ТЭГ зогсолт болсон түүхэн өдөр гэж тэмдэглэх өдөр өнгөрөв. Энэ өдрийн маргаашаас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шийдвэр гаргагч нараас ярилцлага авч, түгжрэлийг хэрхэн бууруулахыг тодруулав. Тухайлбал МАН-ын гишүүн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат "сонгуулийн дараа улс төрийн шийдвэрээр замын түгжрэлийг бууруулна" гэв. Өөрөөр хэлбэл дөрвөн жил хотыг удирдсан МАН сонгуулийн дараа л шийднэ гэж сонгууль болохоос 14 хоногийн өмнө хэлэв. Дашрамт дурдахад М.Халиунбат нь хотын ажлыг 92 хувьтай сайн байгаа гэж дүгнэсэн төлөөлөгчдийн нэг юм.
Мөн МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "нийтийн тээврийг үнэгүй болгох олон саналууд гарсан" гэв. Үнэндээ Улаанбаатарчууд бид автобусанд төлөх таван зуун төгрөггүй дээ 400.000-уулаа машин унаад түгжирч буй хүмүүс биш юм. Тэд асуудлаа буруу дүгнэж, буруу шийдвэр, шийдлүүд гаргаад байх шиг. Өвчиндөө онош тавьж чадахгүй байгаа хүмүүс өвчнөө эмчилж чадахгүй. Оношоо буруу тавьж байгаагийн шалтгаан нь тэд бидний амьдралаас тасарсан эсвэл тэнэг. Гэвч МАН-ын хотод хандаж буй хандлага одоо л ийм тэнэг байгаа хэрэг биш. Тэднийг 1990 оноос хойш хотыг удирдаж, өнөөгийн УЛААНБААТАРЫГ бий болгосон НАМ гэж үзвэл нийт МАН-ын 9 дарга 22 жил УЛААНБААТАРТ ажиллажээ. Харин дунд нь хоёр удаа АН хотыг удирдсан ба хотын дарга Э.Бат-үүл, Ж.Наранцацралт нар байв. Тэр ба тэд нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, зогсоолуудыг төлбөртэй болгох, дугуй түгжих, МАШИНУУД дугаарын хязгаарлалтаар зорчих, хэд хэдэн гүүрэн гарц, гудамж төсөл зэргүүдийг хийж хэрэгжүүлж, түгжрэлийн эсрэг бусдаас илүү ажлууд хийсэн юм.