УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уузлаа.
Энэ онд Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга, ноён Пак Бён Сог Монгол Улсад айлчлахыг урьсныг дурдаад тус улсын Засгийн газар манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.
Цаашид хоёр улсын найрсаг харилцааг улам өргөжүүлж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд УИХ дахь парламентын бүлэг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн, хоёр улсын эдийн засгийн форумын зохион байгуулах, парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт туссан “Солонго 1,2” орон сууцны хорооллыг барих төслийн санхүүжилтийн асуудалд Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.
Элчин сайд Ли Ё Хун, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр талын төлөвлөсөн томоохон айлчлал, хойшилсон. Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийг цуцалсан тул энэ сарын 08-нд 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулахаар болсон" гэлээ.
Мөн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах төслүүд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.