Манай улсад эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтын 5 нь барилгын салбар дахь мэргэжил байна. Барилгын ажилд залуучуудыг сургах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг мэргэшүүлэх өдөрлөг Барилгын политехникийн коллежид болов.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт”-ын “Ур чадварыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд болсон өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй сурагч нар оролцож, тэдэнд барилгын мэргэжлүүдтэй танилцаж, туршиж үзэх боломжийг олголоо. Энд 9 болон төгсөх 12 дугаар ангийн оролцогч охид мужаан, өрөг угсрагч, бетон арматур, гагнуур болон засал чимэглэлийн мэргэжилтэй танилцаж бодитоор туршиж үзэв. Мужааны мэргэжлийн хүрээнд охид мэргэжлийн багшийн заавраар оньсон тоглоом хийх, засал чимэглэлийн мэргэжлийг турших сонирхолтой охид наамал хийж бүтээж сурлаа.
"Ур чадвартай эмэгтэйчүүд" өдөрлөгт оролцсон ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ, "Улс орны бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан барилгын салбар дахь мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх нь чухал" буйг онцлоод энд эмэгтэйчүүд ур чадвартай барилгын мэргэжилтэн болж, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой байгааг дурдлаа.
Барилгын салбарыг эрэгтэйчүүд давамгайлсан, эмэгтэйчүүд ажиллахад тохиромжгүй гэсэн буруу ойлголтыг халж, олон нийтэд залруулах болон ажил мэргэжлийн чиг баримжааг олгож, мэргэжлийн боловсрол, сургалтын давуу талуудыг оролцогч охид болон тэднээр дамжуулан олон нийтэд хүргэх үүднээс өдөрлөгийг зохион байгуулжээ.