Өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим айл өрхийн мал ураны цацрагийн хордлогын улмаас “мутацид” орж байгаа талаар иргэд мэдээлэв. Уранд хордсон зургаан хөлтэй ямааг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна авч ирлээ.
Уран бол өөрөө байгальд байгаа байдлаараа хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд, ердийн тохиолдолд маш сул цацраг ялгаруулдаг. Ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг. Учир нь уран нь хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг. Энэ учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юмаа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг.