“COVID-19”-н цар тахлын талаарх баталгаагүй цуурхал, худал ташаа мэдээллүүд нь өвчнөөсөө дутахааргүй аюул учруулж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Тэрээр, “Коронавирус дэлхий даяар тархаж эхэлмэгц түүнтэй холбоотой цуурхал, худал ташаа мэдээллүүд гарч ирсэн. Ийм үйл явдал нь багагүй аюултай. Хуурамч мэдээлэлд итгэж дур мэдэн өөрсдийгөө эмчлэх гэж оролдсоны улмаас өөртөө хохирол учруулсан хүн цөөнгүй. Нөгөө талаар зарим хүн урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс цааргалсны улмаас хохирол амсаж байна. Мөн шинжлэх ухаан, эрүүл мэндийн тогтолцоонд итгэхгүй байгаа нь коронавирусний талаар ташаа мэдээлэл түгж буйн бас нэгэн шалтгаан болж байгаа юм.” гэв.
Цар тахлын нөхцөлд, эрүүл мэндийн онцгой байдлын үед итгэлцэл, эв санааны нэгдэл чухал байдгийг Гебрейесус, "Өөрсдийгөө болон бусдыг хамгаалахад авах арга хэмжээнүүдийн талаарх үнэн зөв мэдээллийг хүмүүс цаг тухайд нь олж авч чадвал бид вируст хяналт тавьж чадна” гэлээ.