ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког Сочи хотноо хүлээн авч уулзжээ. Энэ нь Лукашенког эсэргүүцсэн жагсаал цуглаан сарын өмнө эхэлснээс хойших түүний хилийн чанадад хийж буй анхны айлчлал юм.
Путин энэ үеэр Беларусьт 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо, энэхүү тусламж эдийн засгийн хямралаас сэргийлэхэд зориулагдах ёстойг мэдэгдсэн байна. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр хоёр Ерөнхийлөгч дараа нь бүтэн дөрвөн цаг хаалттай хаалганы цаана ярилцжээ. Путин Лукашенкогийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж буйгаа онцлоод хөрш улсдаа үймээн самуун дэгдээх хүсэлгүй байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Минск хотод болсон жагсаал цуглаанаар жагсагчид “Улс орноо худалдахыг чинь зөвшөөрөхгүй” гэсэн лоозон барьсан байсан нь Путин, Лукашенко хоёрын уулзалтад “зориулсан” үг байсныг ажиглагчид онцолжээ. Өнгөрсөн сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийн 10 хувийн саналыг авсан ч өөрийгөө “Үндэсний удирдагч” хэмээгээд буй сөрөг хүчний удирдагч, өдгөө Литвид байгаа Светлана Тихановская мөн Путин, Лукашенко хоёрын дунд хийх ямар ч гэрээ хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм.
ОХУ-аас энэ долоо хоногт Беларусь руу тусгай хүчний шүхэрт десантын цэргүүд илгээж, 10 хоног цэргийн хээрийн сургуулилт хийлгэнэ гэсэн мэдээ цацагдаад байна. Путин дээрх уулзалтын өмнөхөн хоёр улс ирэх нэг жилийн хугацаанд сар бүр цэргийн хамтарсан сургуулилт хийнэ гэж мэдэгджээ.