Гадаад улсаас ирж буй иргэдийг тусгаарлахдаа ариун цэврийн шаардлага хангахааргүй газарт байрлуулж байгаа талаар иргэд гомдолтой байна. Тэд их хэмжээний зардал гаргаж эх орондоо ирчхээд, халдварт өвчин авахаар эрсдэлтэй нөхцөлд 21 хоног тусгаарлагдаж байгаа талаараа хэллээ. Мөн Улсын онцгой комисс ийм хүнд цаг үед иргэддээ дэмжлэг үзүүлэхгүй байгаа учир хандив тусламжийн мөнгөний зарцуулалтаа ил тод болгохыг шаардлаа. Тусгаарлагдаж буй иргэдийн төлөөлөл бидэнтэй холбогдож, байр сууриа илэрхийллээ.
УОК 400 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ЗАРЦУУЛАЛТАА ИЛ ТОД БОЛГО
Тавдугаар сараас хойш нийт 400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж Монголд орж ирчхээд байна. Гэтэл яагаад хүмүүстээ туслахгүй байгаа юм бэ? Тэр мөнгөний зарцуулалтыг ил болгооч гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. МИАТ ядарсан ард түмэн дээр үнэхээр тоглолт хийж байна. Замын зардлыг 2-3 нугалж байна. Бид аргагүйн эрхэнд үр хүүхдээ тэжээх гэж л гадагшаа явж байгаа шүү дээ. Хатуухан хэлье. УОК-ын нөхдүүд ээ! Орж ирсэн хандивын мөнгө хаашаа орчихов оо? Яагаад үүнийг “шилэн” болгохгүй байгаа юм бэ? Тэр чинь гадаадад гацсан иргэд, нэн ядуу иргэддээ зориулагдах мөнгө болохоос биш, энд тэнд барилга барьдаг, царцаадаг тийм мөнгө биш ээ.
Уг нь Герман руу гэхэд, хоёр талын нислэг нь 3 сая гаруй төгрөг байдаг. Гэтэл би нэг тал руугаа 2 сая 800 мянган төгрөгөөр нисч ирж байна. Тусгаарлалтын мөнгө 1 сая 60 мянган төгрөг төлж байна. Дээрээс нь, Коронавирусын тест өгөхөд 200 евро төлсөн. Зардал ингээд нэмэгдээд л байна. Зардалгүйгээсээ болоод ирж чадахгүй олон хүн байна шүү дээ, энэ 11 мянган хүн дотор. Зургуулаа, долуулаа, хоёр гурван хүүхэдтэйгээ ирсэн хүмүүс бол аймшигтай их мөнгө төлж байгаа байхгүй юу.
Бас нэг жишээ хэлье. Туркийн Станбулаас Оросоор дамжаад ирэхэд 300 долларын зардал гардаг. Гэтэл Станбулаас шууд ирэхэд 2 сая наян хэдэн мянган төгрөг. Хорионы байртайгаа 3 сая 300 мянган төгрөг төлж ирж байгаа байхгүй юу. Үнэхээр инээдтэй байгаа биз дээ. Төр засаг юу хийж байна аа. Бид нар ЭМД, НД төлж байна. Ядахдаа яагаад хорионы байрны мөнгийг НДС-аас, гадны хандивын мөнгөнөөс гаргаж төлж болдоггүй юм бэ? Тэр мөнгийг яачихаад, бид нар өөрсдийнхөө мөнгөөр ирсэн байхад татаж авсан гэж яриад байгаа юм? Ядаж зөв ярьж чадахгүй. Дахин хэлье. 400 сая ам.долларын тусламжийн мөнгөө юунд зарцуулаад байгаа юм бэ гэдгээ л ил болго.
ЭРҮҮЛ ХҮН ӨВЧЛӨӨД ГАРМААР ХҮНД НӨХЦӨЛД БАЙНА
Би Станбулаас наймдугаар сарын 20-ны онгоцоор ирсэн. “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байна. 21 хоногийн хорио эрүүл ирсэн хүн өвчтэй болохоор л хэцүүхэн юм байна. Аймшигтай хэцүү юм байна. 7-10 хоноод л өвдөхөөр юм байна. Идэж ууж байгаа юмнаасаа болоод хүний гэдэс ходоод өвдөнө шүү дээ. Түүнээсээ болоод дархлаа нь суларч байна. Дархлаа нь суларсан хүн мэдээж ханиад хүрнэ биз дээ. Гадаадаас арай гэж нэг юм шаардлагад тэнцээд хүрээд ирэхээр хоригдож байгаа хорионых нь байранд нь нэг ширхэг ч 00-ийн цаас ч байхгүй. Ор хөнжлийн даавуу ч байхгүй. Арай л инээдтэй. Уг нь бид тусгаарлалтын байрандаа 1 сая 50 мянган төгрөг төлсөн. Хүмүүс итгэхгүй байж магадгүй. Аяга тавгаа угаах гал тогоо байхгүй. 00-ийнхоо хажууд ингээд сандал тавьчихсан байдалтай байна.
ГАДААДАД БУЙ МОНГОЛЧУУД ГУДАМЖИНД ГАРЧ БАЙНА
Биднийг ирэхэд Станбулд байдал маш хүнд байсан. Наашаа ирэх гэж байгаа Монголчуудын ихэнх нь гудамжинд гарчихсан байсан. Монголчууд маань аягүй хэцүү болчихож. Хоёр тал болоод хуваагдчихсан юм шиг. Яах гэж ирсэн юм, гуйлгачид минь. Тэндээ үхэхгүй яасан юм ч гэх шиг. Ямар аймаар оюуны тураалтай болчихсон юм. Та нар гадаадад ажилгүй зургаа, долоон сар хоригдоод үз. Ирээд дахиад ийм орчинд хоригдоод үз. Туркээс биднийг ирэхэд хоёр, гурван хүн нас барчихсан байсан. Шарил нь одоо хүртэл ирээгүй. Дараагийн онгоцоор ирэх юм уу, үгүй юм уу, мэдэхгүй. Энэ бол баттай мэдээ. Энэ сарын 20-ны онгоцоор 10 гаруй гадаадын иргэд ирсэн. Тэд нарыг түрүүлээд нэрийг нь дуудаад, тусгай жижиг автобус ирээд авчихсан. Ямар шаардлага хангаж, тэнд ирж ордог хүмүүс вэ, тэд нар чинь. Гадаадынханд илүү хандаж, Монголчууддаа ялгавартай хандаж байна.