Дональд Трампийн засаг захиргаа хэдэн арван жил жирийн цэргүүдийн эрхлэн гаргаж ирсэн “Stars and Stripes” сониныг хаах шийдвэр гаргасан нь ихээхэн хэл ам дагуулаад байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп Америкийн улс төрч, төрийн зүтгэлтнүүдийн эрс эсэргүүцлээс болж сонины үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд хэрэгтэй байгаа 15.5 сая ам.долларын санхүүжилтийг Конгрессоор хэлэлцүүлж, Пентагоны ирэх оны төсөвт суулгахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдлээ. 160 жилийн түүхтэй, анхны дугаар нь Америкийн иргэний дайны үед буюу 1861 онд хэвлэгдэж асан “Stars and Stripes” сонины үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болгоно гэж Пентагоноос мэдээлж байсан юм.
Цэргийн сониныг хаах тухай яриа Ерөнхийлөгч Трампийн тулааны талбарт амь үрэгдсэн цэргүүдийг муушаан доромжилсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн олны анхаарлыг татаад байна. “The Atlantic” сэтгүүлд мэдээлснээр Трамп 2018 онд Парист айлчлахдаа хотын захад байдаг америк цэргүүдийн булшинд хүндэтгэл үзүүлэхээс татгалзсан, тэгэхдээ амь эрсэдсэн цэргүүдийг “бүтэлгүй юмнууд” гэсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Харин Трамп уг мэдээллийг “хуурамч” хэмээгээд өрсөлдөгчид нь түүнийг харлуулахаар улайрч байна гэж мэдэгдээд байна.