Олон улсын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан /FIBA/ “Skill challenge” тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, Дэлхийн аварга болсон баярт мэдээ байна. /FIFA/-аас энэ онд Болгар улсад U17 буюу 17 хүртэлх насны хүүхдийн ДАШТ-ийг зохион байгуулах байсан ч Коронавирусын хөл хорионы улмаас хойшилсон тул ийнхүү онлайнаар тэмцээнээ явуулсан юм. Манай хөвгүүдийн баг өчигдөр /2020.08.23/ болсон тэмцээнд Болгар улсын багийг хожсоноор Дэлхийн аварга болж, алтан медаль, цомын эзэн боллоо.
Энэ тухай мэдээллийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа байршуулсан байна.
"Дэлхий FIBA5X5 анхдугаар ур чадварын тэмцээнд Монгол хөвгүүд гурван рекорд тогтоож, бид дэлхийн хамгийн ур чадвартай тамирчин хүүхдүүдтэй болж алтан медаль цомын эзэд боллоо. Медаль өргөмжлөл шуудангаар ирэх юм байна. Хэдэн өдрийн турш хамтдаа багаа дэмжсэн бүх Монголчууд даа маш их баярлалаа. Монголын 5х5 төрлийн түүхэн амжилтыг дуулгахад таатай байна” гэжээ.