Прокурорын байгууллагын залуус санаачлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, сагсны иж бүрэн талбайг байгуулж өнөөдөр /2020.08.19/ Хорооны засаг дарга болон бяцхан хүүхдүүдэд хүлээлгэн өглөө.
Энэхүү хүүхдийн талбайг энэ зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх тогтоол усанд живж харамсалтайгаар хорвоог орхисон тус хорооны 4 хүүгийн гэгээн дурсгалд зориулж бүтээсэн гэдгээ тэд онцолж байна. Хүүхдэд зориулсан талбай байгуулахад шаардагдах 24 сая төгрөгийг Прокурорын байгууллагын прокурор, захиргаа үйлчилгээний нийт ажилтнууд хандив цуглуулж хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн спорт амралтын иж бүрэн талбайг тохижуулжээ.
Энэхүү арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл, тус дүүргийн 9-р хорооны засаг дарга С.Уянгазул, тус хорооны иргэд, прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд оролцлоо.