“УЛС ТӨРИЙН ЗАДЛАН” ДУГААР 6
Модернист яруу найрагч Баатарын Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” нэртэй шүлэг тухайн цаг үедээ тэсрэлт болж, шүүмжлэл магтаал алиныг нь ч дагуулсан. Шүлгийн сүүлийн хоёр мөрийг уншвал
Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: ~ ЧИ БИТГИЙ ХУЦ.
Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга, гадаадад гацсан Монголчуудын хувьд бурхан ба аврал буй Я.Содбаатараа чи битгий хуц!
“Битгий хуц” хэмээн шүлгээс ишлэн хэлсний учир нь иргэд чинь гэр рүүгээ очье, нислэгт өгөх олон арван сая төгрөг байтугай хоолны ч мөнгө алга, эх орон минь биднийг аваач хэмээн аврал эрэн гуйж, хоног төөрүүлэх газаргүй гудманд гудас дэвсээд хэвтэж байхад нь ардчиллын алтан дүрэм буюу иргэнийхээ үгийг сонсож, эрхийг нь хамгаалахаа мартаад иргэдийн сонголтын үр дүнд шадар сайдын сэнтийд заларснаа умартаад “бид ийм дарамт шахалтаар ажлаа хийхгүй, битгий улс төрийн акц хий” гэж та зандарлаа.
/Зурагт Я.Содбаатарт дарамт шахалт үзүүлж, улс төрийн акц хийж буй Монголчуудын төлөөлөл/
Ардчилсан нийгэмд иргэд Засгийн газар, дарга нартаа шахалт үзүүлж, таны хэллэгээр бол “дарамтлах” нь зүй. Сонгоод явуулсан иргэдээ шаардлага хүсэлт тавихад нь дарамтлаад байна гэж зандарч суугаа бол та хаана яах гэж суугаагаа мэдэхгүй байна. Монгол бол Венесуэл бас хойд Солонгос биш.
Иргэдийн хүсэлт хяналтад дургүй бол та ардчилсан оронд шадар сайд байгаад хэрэггүй. Учир нь таны унаж байгаа машин, авч байгаа цалин, идэж байгаа хоол бүгд татвар төлөгч бидний мөнгө. Та бидний эзэн биш харин үйлчлэх ёстой зарц.
/Зурагт Я.Содбаатарт дарамт шахалт үзүүлж, улс төрийн акц хийж буй Монголчуудын төлөөлөл, гадаадад гацсан иргэд/
Та биднийг төлөөлж, саарал ордонд иргэдийн асуудлыг шийдэх гэж очсон болохоос хаан ширээнд суугаагүй. Та бүхний гаргаж буй улс төрийн шийдвэрүүд буюу хүүхэд хөгшдийг, өвчтэй, жирэмсэн хүмүүсийг авчирна гэчхээд танил тал эсвэл баячуудаа авчраад байгаа тул уурлаж бухимдаж улс төрийн шийдвэрийг чинь эсэргүүцэж жагсаж акц хийх нь таны амьдарч байгаа Монгол гэх улсын тоглоомын дүрэм. Энэ бол ардчилал.
Гадаадад гацсан 13 мянган монгол хүн гэртээ ирмээр байна
Тэд жаргал хөөж явсан ч бай ямар ч шалтгаанаар явсан бай эх орондоо ирэх эрхтэй. Төрийн нэг хэсэг бүр томоохон эд эс Я.Содбаатар та хувийн мөнгөөр эсвэл улсын төсвийн мөнгөөр тэднийг авч ирэх гээгүй. Тэднээс их хэмжээний мөнгө авч байгаад авчирч байгаа. Тэд мөнгөө төлөөд ч болтугай ирье гэж байна.
Мөнгөгүй ч зээл хэлбэрээр ч болтугай ирье гэж байна. Зөвхөн толгойгоо ажиллуулж, менежмент хийх л шаардлага та бүхний өмнө байна.400 сая жуулчин авчирна гэж томрох танай намд 13 мянган Монголоо авчрах боломж байхгүй байгаа бол иргэд аж ахуйн нэгжүүд бэлхнээ санаачилга гаргаад ажиллаж байна.УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг гэр бариад каринтанд оруулъя гэж байна. "Хүннү эйр" нислэг үйлдье гэж байна. Гэтэл ТӨР та чимээгүй.
Я.Содбаатар таны ЖДҮ сангаас авсан зээлийг тань ард иргэд мартаагүй байгааг сануулаад гадаадад гацсан иргэдээ загнах биш харин хэрхэн авч ирэх төлөвлөгөөгөө танилцуулж, яаж ажиллаж яаж хичээхээ хэлэхийг чинь 13 мянган хүн тэдгээрт хамаарах 50 гаруй мянган иргэн хүлээж байна.
Эцэст нь Я.Содбаатараас асуух хоёр асуулт
Хятад Япон зэрэг улсууд сэжигтэй тохиолдлуудыг шинжлэн үзэхээс гадна энгийн иргэдээ дотроо шинжилсээр буй. Монгол улс дотроосоо корона алдаагүй ч дотроосоо шинжилгээ авахгүй байгаа болохоор өндөр эрсдэлтэй орны тоонд багтсаар. Хэзээ дотоод дахь иргэдээ шинжлэх вэ?
Иргэдийн хандив тусламж зэргийг хүлээн аваад буй УОК тайлангаа ил гаргаж, хөндлөнгийн аудит оруулах уу?
Тэр мөнгө хаачив. Авилгачин идээчин уугаачнаар дүүрэн манай улс хандивын мөнгийг нь ч идсэн байж болзошгүй гэж хардаж байна. Төрийн бүх байгууллага дансаа шилэн байлгаж байхад та нар яагаад мөнгөн дүнгээ ил мэдээлэхгүй байна вэ?
Улс төрийн задлан дугаар зургаа гадаадад гацсан Монголчуудаа загнаж суугаа Я.Содбаатарыг “загналаа”. Энэ үгсийг сэтгүүлч би дамжуулж,13 мянган иргэний дуу хоолой болов.
Жич: Я.Содбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз ба дундаа "Шинэ Дэлхий" тв хэмээх хамтын бизнестэй хүртэл явсан дотно. Тиймдээ ч үндсэн хуулийн дагуу өөрт нь олгогдсон их эрх хэмжээний дагуу У.Хүрэлсүх найз Я.Содбаатарынхаа ЖДҮ зээлийг үл тоогоод шадар сайд болгосон.