/"Тагтаа" паблишинг компанийн үүсгэн байгуулагч, яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан/
Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотод 2020 оны хичээлийн жилээс Монгол хэлээр хичээл заахыг хориглосон хотын захиргааны шийдвэр гарчээ. Шийдвэрийг эсэргүүцэж Өвөрмонголчууд идэвхитэй тэмцэж байгаа юм.
Харин ДОЛООН өдрийн өмнөөс Монголчууд мөн энэ шийдвэрийг эсэргүүцэж “Өвөрмонголын сургуулиудад Монгол хэлийг нь буцаан өгнө үү” нэртэй шүлэгтэй видео цацаж эхэллээ. Эсэргүүцлийг "Тагтаа" паблишинг компанийн үүсгэн байгуулагч, яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан эхлүүлж, олон хүн нэгдэн давалгаалаад байна.
Б.Баясгалан өөрийн цахим хуудастаа: “Монгол хэлний хүрээ хязгаарыг автоматаар хашиж, Монгол хүний эх хэлээрээ боловсрол эзэмших, эх хэлнийхээ орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхэд бүдүүлгээр халдан буй энэ явдлын эсрэг Тусгаар тогтносон, Ардчилсан, Эрх чөлөөт Монгол улсын сэхээлэг иргэд дуу хоолойгоо өргөнө үү! Бид Парист Их дагинын сүм шатлаа гэж нийтээрээ уймран гашууддаг сэхээлэг улс билээ. Хятадад эх хэлийг тань хориглож, элэг нэгтнүүдийг тань хяхан боож буй энэ үйлдлийн эсрэг яагаад дуу хоолойгоо өргөж болохгүй гэж!
"Өвөр Монголын сургуулиудад Монгол хэлийг нь буцаан өгнө үү!" шүлэгтэй дуудлагад таныг урьж байна. Монгол хэлнийхээ яруу сайханг илтгэх шүлэг найргаа дуудаж видео хийгээд өөр өөрсдийн үг, үйлдлээр энэ явдлын эсрэг дуугаа өргөнө үү! Дуудлага авсан хүмүүс 72 цагийн дотор шүлэгтэй видеогоо нийтлээд цааш мөн 5 хүн дуудаарай.” гэжээ.