БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн тахал коронавирус хурдацтай тархаж байгаа энэ үед худалдаачдад хүнд тусаж байна. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулсаар байгаа. Мөн аж ахуй нэгж байгууллагуудыг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг анхааруулсан. Түүнчлэн гуравдугаар сарын 2-нийг хүртэл үзвэр, үйлчилгээ, тоглолт, жагсаал цуглаан хийхийг хориглосон билээ. Үүний дараа Улсын онцгой комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярын өдрүүдээр Төрийн золголт, хувийн хэвшлийн байгууллагуудыг нэгдсэн золголт хийхийг хориглосон шийдвэр гаргасан.
Харин айл өрхүүдийг цагаан сарын баярыг аль болох өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх, гэртээ ёслоод өнгөрөхийг холбогдох байгууллагууд зөвлөсөн юм. Тиймээс томоохон зах, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа хэдий ч иргэд урьдчилан сэргийлэх үүднээс гадуур олон нийтийн худалдаа үйлчилгээний газраар явж худалдан авалт хийхгүй байгаа тул худалдаачдад санхүүгийн хувьд хүндээр тусаж байгаа аж.