Тэрбээр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Гишүүд мөрийтэй тоглоомын газарт тоглосон тухай мэдээлэл гараад байна ?
Хэдэн сарын өмнө төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Түүний дагуу хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой бол халагдах байх. Ардын намын УИХ, Ардын намын Засгийн газар нь дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя.
Зарим шүүгчийн бүрэн эрхийг яагаад сэргээж байна вэ?
АТГ-аас Шүүхийн ерөнхий зөвлөл рүү бичиг явуулж, зарим шүүгчийн хэрэг нотлогдоогүй тул түдгэлзүүлэхээ болино уу гэсэн. Хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар эсвэл Ерөнхийлөгч өөрөө шийддэггүй. Түдгэлзүүлэхээс өмнө процессыг бид мэдэх боломжгүй.
Цагаан суваргын ордыг улсын мэдэлд авах ёстой гэж та хэлж байсан?
Зөвхөн Цагаан суварга гэлтгүй улсын мөнгөөр хайгуул хийж илрүүлсэн ордуудыг улсын мэдэлд авах ёстой. Энэ бол зарчим. Үүнийг Ардын нам хийхгүйгээр гурван жил боллоо. Учир нь хувийн компани өөрийн мөнгөөр эрсдэл хийж, илрүүлээгүйгээс тэр. Рио Тинто шиг өөрийн хөрөнгөөр эрсдэл хийгээд 1 км гаруй газар өрөмдөж байж илрүүлсэн бол хуулийнхаа дагуу явна.
Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
Дэвшинэ.
Нэр дэвших бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой хуулийн хугацаа дууссан биз дээ?
Би сайдтай ижил түвшний албан тушаалтай. Тэгэхээр ажлаа хийж болно.
Та намынхаа сонгуулийн штабыг удирдах уу?
Одоогоор шийдээгүй байна.
Нэр дэвших бол 100 сая төгрөгийн дэнчин өгөх үү?
Ардчилсан нам нэр дэвших бодолтой хүмүүсээсээ хувь иргэнээс нэг сая хүртэл, байгууллагаас 10 сая төгрөг хүртэлх хэмжээний хандив цуглуулж өгөхийг хүсэж байгаа.
Ардчилсан намын энэхүү хандивыг би хувиасаа өгөх биш намайг нэр дэвшүүлэхийг хүсэж буй иргэн, аж ахуйн нэгжүүд өгдөг. Би уриалж хандиваа өгсөн. Хоёрдугаар сарын 1-нд дараагийн 30 саяыг өгөх байх.
Дэлхийн аль ч улсад хандивгүйгээр сонгууль болдоггүй. Жишээлбэл, Америкийн Ардчилсан нам тодорхой хугацаанд цуглуулах мөнгөний босго тавьж, тэр нь сонгуулийн дараагийн шатандаа орох шалгуур болдог вэ гэхээр тэр хүнийг хандиваар өгч дэмжсэн хүн байхгүй бол жинхэнэ сонгуульд өрсөлдөхдөө амжилт гаргаж чадахгүй гэж үздэг.
Нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад, дансаа нээж хандив цуглуулах нь хуульд нийцсэн дэлхий нийтийн жишиг. Тэрнээс биш хувиасаа мөнгө төлөөд сонгуульд ордог тэнэг хүн энэ дэлхийд байхгүй.
Ардын намын Ерөнхий сайдын хэлсэн ямар ч хандивгүйгээр сонгуульд орно гэдгийг харин хуулийн байгууллага шалгах ёстой. Зардалгүйгээр сонгууль хийнэ гэж байхгүй. Ямар зардлаар сонгууль хийж байгаагаа ил тод тайлагнах ёстой. Улс төрийн намын санхүү шилэн байх нь зөв.