Израилийн Тел Авив хотноо Дэлхийн спортын том наадам болох гэж байна. Уг Гран-при тэмцээн нь тамирчдын эрхийн оноо цуглуулах анхны тэмцээн юм. Тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд болж, таван тивийн 85 орны 583 жүдоч (эрэгтэй 331, эмэгтэй 252) оролцоно.
Гэтэл манай улс тус тэмцээнийг өнжихөөр боллоо. Уг нь манай жүдочид Их дуулга, Гран при тэмцээнүүдийг алгасч байсан тохиолдол тун ховор. Тэр тусмаа Токиогийн Олимпийн наадам хаяанд ирж буйг бодоход оноо цуглуулах тэмцээн бүр үнэтэй. Гэтэл ийнхүү алгасах гэж байна.
Монголын жүдогийн шигшээ баг Тел Авивийн Гран-приг алгасах болсон шалтгаан юу вэ?
Нэгдүгээр шалтгаан: Удахгүй Эрдэнэт хотод улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээн Тел-Авивт болох Гран-притай хоног өдрийн хувьд ойрхон болж байгаа юм.Гэхдээ УАШТ-дээ оролцох нь оролцож, гран-при тэмцээндээ барилдах нь барилдаж болно. Юуны тулд бид өөрсдийгөө бөхийн орон гэж нэрлэдэг билээ. Бусад орны жүдо бөхийн холбоод их дуулга, гранпри тэмцээнд нэг жинд гэхэд 3-4 бөхийг ээлжлэн сойж буй. Япон, Гүрж, Франц гэхчлэн жүдогоор тэргүүлэгч орны баг тамирчид олимпоос олимпийн хооронд тэмцээн уралдааныг их бага гэж гололгүй орсоор ирсэн юм.
Хоёрдугаар шалтгаан: Ираны жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар манай улсын иргэн болсон.
Ид 27 насандаа 81 кг-ын жинд Дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрээр өнгөрсөн жил Токиод болсон ДАШТ-д хэсэгтээ тэргүүлсэн ч медалийн төлөө өрсөлдөх учраа нь Израилийн иргэн тодорсноос бүх юм эхэлсэн. Ираны тагнуулын алба дайсагнагч улсын тамирчны эсрэг барилдааныг нь болиулахын тулд өөрийг нь төдийгүй, гэр бүлийнхнийг нь хүртэл дарамталж Бельгийн Маттиас Кассед зориудаар ялагдахыг тулгасан аж.
Ийнхүү тэрээр эх орныхоо эрх баригчдын дарамт шахалтын дор Дэлхийн хошой аварга болох боломжоо алдсан. Харин Израилийн жүдоч энэ сиймхийгээр Дэлхийн аварга болж, өдгөө 81 кг-ын жинд чансааг тэргүүлж байгаа юм.
Израйл уруу тэмцээнд явахгүй шалтгаан нь Ираны уугуул Моллаей Саеид юм биш биз?