2020 оны 1-р сарын 13-ны 11 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын 1-р багт байх АОВРОРУ ХХК буюу жоншны үйлдвэрийн ажилчин 44 настай М гар утас нь дэлбэрч улмаар бэртлээ хэмээн сумын эмнэлэгтээ очжээ. Харин сумын эмч нар цагдаад дуудлага өгчээ.
Дорноговь аймгийн цагдаагийн мэдээлж буйгаар ГАР УТАС дэлбэрсэн гэх дуудлага мэдээлэл анх ирсэн. Гэхдээ юунаас болж иргэн М бэртсэнийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна гэлээ.
Харин Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн эрхлэгч, өвчтөнд хагалгаа хийсэн эмч Х.Эрдэнэбулганы хэлснээр “Өвчтөнд зүүн талын гар бугуйн үеэр нь тайрах мэс засал, хэвлийн хөндийн мэс засал, нарийн гэдсийг нэг метр хэртэй тайрах, залгах мэс засал хийсэн. Мөн элэг язарсан байсан тул оёдол тавьсан. Бүдүүн гэдэсний хөндлөн хэсэгт гаднын биет очиж цоолсон байсан учраас гаднын биетийг авч, оёдол тавьсан. Тухайн хүний баруун дунд чөмөгний яс хугарч, гуяын дотор талдаа маш их хэмжээний шархтай, зүүн талын дунд хуруу хугарч, шархтай, хэвлий, цээж, толгой нэлэнхийдээ зулгарсан, урагдсан, их хэмжээний шархтай байсан. Нэлээн хүнд хүн тул бид газар дээр нь хагалгаа хийж, хагалгаа гурван цаг гаруй үргэлжилсэн” гэлээ.
Гар утас дэлбэрсэн гэх Дэлхийн дахинд гарч байсан хэргүүдийг уншиж үзвэл гар утсаа цэнэглэж байсан, цэнэглэж байхдаа давхар ашигласан, усанд цэнэглэж байсан утсаа авч орсон гэх мэдээнүүд хөвөрч байна.
ТОХИОЛДОЛ 1: Энэтхэг улсад 22 настай эрэгтэй оюутан САМСУНГ утсаа цэнэглээд дэрэн дороо байлгаж байгаад утас нь дэлбэрч, амиа алдсан байна. Гэр бүлийнхэн нь хүүгээ амиа алдсаныг өглөө нь мэджээ.
ТОХИОЛДОЛ 2: Казахстан улсад 14 настай дунд сургуулийн сурагч охин IPHONE маркийн утсаа цэнэглэж унтаад өглөө нь нас барсан байжээ.
ТОХИОЛДОЛ 3: Хятадын Гуанжоуд 20 настай эрэгтэй мөн л утсаа цэнэглэж байх үедээ хэрэглэж байгаад нас баржээ. Тиймээс Хятад улсаас иргэдэд дараах зөвлөмжийг гаргаж байв.
● Үргэлж үйлдвэрийн оригинал батарей ашигла
● Гар утсаа өндөр температурт бүү байлга
● Нарны гэрэл шууд тусахаас сэргийл
● Утсаар удаан ярихаас зайлсхий
● Утас цэнэглэж байх үедээ ашиглахыг хоригло
● Утсаа халаасандаа биш цүнхэндээ хий
● Гэмтсэн батарейг бүү хэрэглэ
Харин Монголд гарсан дээрх тохиолдлын хохирогч нь хүнд гэмтэл авсан. Гадаад улс оронд гарсан тохиолдлуудтай харьцуулахад бэртэл гэмтэл нь өөр байгаа юм. Тиймээс АОВРОРУ гэх жоншны үйлдвэр үйлдвэрлэлийн ОСЛОО гар утасны дэлбэрэлт хэмээн хаацайлж байх магадлалтай. Мэс засал хийсэн, эмчилгээ хийж буй эмч нарын хэлж байгаагаар ч үйлдвэрлэлийн осол байх магадлалтай гэлээ.