
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Дани улстай Гринландын асуудлаар зөвшилцөлд хүрсэн тухай мэдэгджээ. Уг зөвшилцлийн гэрээний дагуу АНУ Гринландын аюулгүй байдал болон бусад асуудлуудыг хариуцах ба улс орнууд АНУ-ын зөвшөөрөлгүйгээр Гринландад хөрөнгө оруулж, Гринландын нутаг дэвсгэр дээр цэрэг зэвсгээ байршуулах боломжгүй болж байгаа аж.
Ерөнхийлөгч Д.Трамп АНУ Гринландад зэвсэгт хүчний баазаа барьж, цэргүүдээ байршуулах ажлаа даруй эхлүүлэхийг мэдэгдэж, Гринландын хөгжил, бүтээн байгуулалтын тал дээр тус арлын ард иргэдтэй хамтран ажиллах болно гэжээ.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен АНУ-тай хийж буй зөвшилцлийн гэрээ нь Арктик болон Хойд Атлантын бүс нутаг дахь хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна тус гэрээ нь Дани улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Гринландын ард иргэдийн сонголт хийх эрхийг хүндэтгэсэн гэрээ болсныг онцолжээ. Түүний хэлснээр талууд ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр дээрх зөвшилцлийн гэрээнд албан ёсоор гарын үсгээ зурах аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг түүхэн гэрээ нь АНУ болон АНУ-ын ард иргэдийн хувьд томоохон ялалт болж байгааг онцолж, АНУ-ын Арктик дахь болон Хойд Атлантын бүс нутаг дахь үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг нэг дор эцэслэн шийдвэрлэж байна гэжээ.
Данийн Хант Улсын газар нутагт тооцогддог Гринланд нь Хойд Америкаас Европ тивд хүрэх хамгийн дөт зам дээр байрладаг нь АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтойгоос гадна тус арал дээр АНУ-ын сансрын Питтуфик станц байрладаг юм.
Сүүлийн хэдэн саруудад Ерөнхийлөгч Д.Трамп Гринланд нь АНУ-ыг ОХУ, Хятадын пуужингийн довтолгооноос хамгаалах агаарын довтолгооны эсрэг “Golden dome” системд чухал ач холбогдолтойг удаа дараа онцолж, тус арлыг худалдаж авах эсвэл эзлэн авах хүсэлтэйгээ илэрхийлсэн нь Дани болон НАТО-гийн улс орнуудын шүүмжлэлийг дагуулсан билээ.
Эх сурвалж: CNN










