
Төсвийн тодотгол шийдэгдсэнгүй, шийдэх зорилго ч байсангүй
УИХ-ын ээлжит бус чуулган төсвийн тодотгол хэлэлцэх зорилготойгоор зарлагдсан ч бодит үр дүнгүй өндөрлөж, ээлжит намрын чуулгантай хаяа залгалаа. 2026 оны төсвийн тодотгол болон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр хоёр чуулган, найман байнгын хорооны хуралдаан товлосон. Гэвч есдүгээр сарын 7-нд эхэлсэн хуралдаан шөнө дөл хүртэл үргэлжилсэн ч төсвийн тодотголыг шийдвэрлэх хэмжээнд хүрсэнгүй. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 3.5 тэрбум төгрөгийн асуудал хөндөгдсөнөөс өөр онцлох шийдэл гарсангүй гэхэд хилсдэхгүй.
Ээлжит бус чуулганыг хаах тов өнөөдөр. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэхээр зарласан чуулган өөрийн зорилгоо биелүүлэлгүй, ээлжит намрын чуулгантай залгаж байна. Олон хоногийн турш хуралдсан нэртэй боловч шийдсэн асуудал нь цөөн, шийдэгдээгүй асуудал нь олон үлдсэн энэ үйл явдал парламентын ажлын бодит чадамжид дахин асуулт тавилаа.
Санаатай гацаасан төсвийн тодотгол
Ээлжит бус чуулганы явцад харагдсан зүйл нь төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс илүүтэйгээр улс төрийн зөрчил, талцал, ирцийн асуудал давамгайлсан явдал байв. Байнгын хороодын хуралдаан 50 хувиас дээш ирц бүрдүүлж байж эхэлсэн ч зарим хуралдаан гишүүдээ хүлээсээр цаг алдаж, зарим нь хэлэлцэх ёстой асуудлаа бүрэн шийдвэрлэж чадсангүй.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцох ёстой 29 гишүүнээс 19 нь хүрэлцэн ирж, хуралдаан эхэлсэн. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 51.7 хувийн ирцтэй эхэлсэн бол Өргөдлийн байнгын хороо 52.4 хувийн ирцтэйгээр хуралджээ. Хууль зүйн байнгын хороо 53.6 хувийн ирцтэйгээр хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Харин Хөдөлмөр, нийгмийн бодлогын байнгын хороо 63.3 хувийн ирцтэй, Төрийн байгуулалтын байнгын хороо 56.3 хувийн ирцтэйгээр хуралдсан гэх мэдээлэл байна.
Төсвийн тодотгол шиг улс орны эдийн засаг, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамж, хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудын санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэх үед байнгын хороодын ажил тасалдах нь шууд утгаараа төрийн шийдвэр гаргалтыг удаашруулж буй хэрэг.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан энэ бүхний хамгийн тод жишээ болов. Өглөөний 10.00 цагт товлосон хуралдаан дөрвөн гишүүний ирц дутсаны улмаас үд хүртэл эхэлж чадалгүй, гишүүдээ хүлээсээр өнгөрчээ. Үүний улмаас төсвийн тодотгол дээр зайлшгүй шийдвэрлэгдэх ёстой байсан асуудлууд хойшилсон байна. Парламентын байнгын хороо хуралдаж чадахгүй байгаа нь зөвхөн зохион байгуулалтын доголдол биш. Энэ нь төрийн шийдвэр гаргах үйл явцад үүссэн бодит гацаа юм.
3.5 тэрбум төгрөгийн асуудалд төвлөрсөн улс төр
Ээлжит бус чуулганы үеэр төсвийн тодотголын агуулгаас илүүтэйгээр Ерөнхий сайд Н.Учралын ээжийн хамаарал бүхий гэх “Их засаг Кингс” сургуулийн асуудал олны анхаарлыг татав. Тус сургуульд төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор тусгасан гэх асуудал улс төрийн маргааны гол сэдэв болсон. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал хөндөгдсөн нь чуулганы хамгийн их анхаарал татсан үйл явдлын нэг байлаа.
Гэвч төсвийн тодотгол гэдэг ганц сургуулийн санхүүжилтийн асуудлаар хязгаарлагдахгүй. Төсвийн орлого, зарлага, төрийн байгууллагуудын санхүүжилт, цалин хөлс, хөрөнгө оруулалт, нийгмийн үйлчилгээний хүртээмж зэрэг олон асуудлыг хамарсан өргөн хүрээний бодлогын баримт бичиг. Гэтэл ээлжит бус чуулганы явцад төсвийн тодотголын нийтлэг бодлогын агуулгаас илүүтэйгээр тодорхой нэг асуудал улс төрийн маргааны төвд орсон нь парламентын анхаарал юунд төвлөрснийг харуулсан.
МАН-ын 30-ын бүлгийн талынхан энэ асуудлаар сөрөг хүчний байр суурьтай мэт харагдсан. Тэд төсвийн тодотголыг хэлэлцэх явцад өөрсдийн байр суурийг илэрхийлж, Ерөнхий сайдын зүгээс тайлбар шаардах, тодорхой асуудлыг эсэргүүцэх байдлаар ажилласан. Гэвч тэдний улс төрийн хүч, нөлөө хангалттай байсангүй. Өдгөө “МАН-ын 30-ын тал” гэх нэр үлдсэнээс бус, бодит улс төрийн жин нь өмнөхөөсөө суларсан гэх дүгнэлт хийхээр нөхцөл байдал харагдаж байна.
Ирцийн асуудал уу, улс төрийн хүсэл зоригийн асуудал уу?
Парламентын хуралдаан ирц бүрдээгүйгээс болж хойшлох нь шинэ үзэгдэл биш. Гэвч төсвийн тодотгол шиг хугацаа алдаж болохгүй асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарласан үед гишүүдийн ирц, байнгын хороодын ажлын зохион байгуулалт, шийдвэр гаргалтын хариуцлага илүү өндөр түвшинд байх ёстой.
Ээлжит бус чуулганыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн товлосон. Төсвийн тодотголыг яаралтай шийдвэрлэх шаардлага байсан учраас чуулган зарласан. Гэтэл хуралдаан эхлэх, ирц бүрдүүлэх, асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гэсэн энгийн дараалал дээрээ парламентын ажил саатсан нь анхаарал татна. Хэрэв төсвийн тодотголыг хэлэлцэх бодит улс төрийн хүсэл зориг байсан бол гишүүдийн ирц, байнгын хороодын ажлын уялдаа, хэлэлцэх асуудлын эрэмбэ илүү тодорхой байх учиртай.
Энэ нөхцөлд ээлжит бус чуулганыг санаатайгаар гацаасан уу, эсвэл парламентын зохион байгуулалтын чадамж хүрсэнгүй юу гэсэн асуулт гарч ирнэ. Аль нь ч байсан үр дүн нь ижил. Төсвийн тодотгол шийдэгдсэнгүй. Харин улс төрийн зөрчил улам тодров.
“30-ын Excel файл” улс төрийн гол сэдэв болсон нь
Ээлжит бус чуулганы явцад МАН-ын 30-ын талын байр суурь, Ерөнхий сайд Н.Учралын эсрэг чиглэсэн улс төрийн үйл ажиллагаа, С.Амарсайхантай холбоотой асуудлууд давхар яригдсан. Төсвийн тодотголын асуудал улс төрийн талцлын нэг хэсэг болж, парламентын доторх бүлэглэлүүдийн зөрчил илүү тод харагдсан нь энэ чуулганы онцлог байлаа.
Ерөнхий сайд Н.Учрал кабинет дотроосоо өөрийнх нь эсрэг ажилласан гэх байр суурьтай байгаа С.Амарсайханг хууль зүйн сайдаас чөлөөлөх эсэх асуудал яригдаж байна. Хэрэв С.Амарсайхан засгаас гарвал энэ нь түүнийг засгийнхаа эсрэг хоёр удаа ажилласан улс төрчийн дүр зурагт оруулж, цаашдын улс төрийн карьер, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой амбицыг нь сулруулах эрсдэлтэй.
Улс төрийн энэ зөрчлийн хүрээнд Н.Учрал өөр рүү нь чиглэсэн галыг нэг өдрийн дотор С.Амарсайхан руу чиглүүлж чадсан гэх улс төрийн дүгнэлт ч яригдаж байна. Булнай гэх удган эмэгтэйтэй холбоотой асуудал ч энэ хүрээнд улс төрийн анхаарлын төвд орж, талуудын хоорондын зөрчлийг улам дэвэргэв. Ингэснээр төсвийн тодотголын хэлэлцүүлэг бодлогын асуудлаас илүүтэй улс төрийн тэмцлийн талбар болж хувирсан дүр зураг харагдлаа.
Байнгын ажиллагаатай парламентын 36 жилийн ой ба бодит байдал
Есдүгээр сарын 13-нд УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлсэн. Байнгын ажиллагаатай парламентын түүх, ардчилсан тогтолцооны ач холбогдлыг тэмдэглэсэн энэ өдөр байнгын хороодын хуралдаан ирцийн асуудлаас болж саатаж, төсвийн тодотгол шийдэгдээгүй үлдсэн нь ёгт бөгөөд эмгэнэлтэй дүр зураг болов.
Байнгын ажиллагаатай парламент гэдэг нь зөвхөн хуралдаан зарлах, гишүүдийн ирцийг бүртгэх, тогтоол батлах тухай ойлголт биш. Энэ нь ард түмний өмнө хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэх, бодлогын асуудлыг эрэмбэлэн шийдвэрлэх, төрийн санхүүгийн сахилга хариуцлагыг хангах, хариуцлага хүлээх институцийн тогтолцоо юм. Харин энэ удаагийн ээлжит бус чуулган парламентын энэ үүргийг бодитоор хэрэгжүүлж чадаж байна уу гэсэн асуултыг дахин тавилаа.
УИХ-ын даргын хувьд байнгын хороодын ажлын уялдаа, гишүүдийн ирц, чуулганы хэлэлцэх асуудлын эрэмбэ, шийдвэр гаргалтын үр дүнг хангах нь үндсэн үүргийн нэг. Тиймээс энэ удаагийн чуулганы үр дүнгүй байдлыг зөвхөн гишүүдийн ирцийн асуудал гэж харах боломжгүй. Парламентын удирдлага, байнгын хороодын дарга нар, гишүүд бүгд хариуцлага хүлээх ёстой.
Төсвийн тодотгол, улс төрийн тоглоом
Төсвийн тодотгол гэдэг дан ганц Ерөнхий сайд Н.Учралд хамаарах асуудал биш. Энэ бол нийт парламент, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагын хамтын шийдвэрлэх ёстой нэн тэргүүний ажил. Төсвийн тодотголыг хэлэлцэхгүй удах тусам төрийн санхүүгийн төлөвлөлт, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдэд хүрэх үйлчилгээ, төрийн албан хаагчдын цалин хөлс, хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилтэд тодорхойгүй байдал үүснэ.
Гэтэл энэ чуулганаар улс орны эдийн засгийн бодит асуудлуудаас илүүтэйгээр улс төрийн талцал, бүлэглэлүүдийн зөрчил, тодорхой нэг сургуулийн санхүүжилтийн асуудал, Засгийн газрын дотоод тэмцэл давамгайлсан. Төрийн шийдвэр гаргах үйл явцад чухал зүйлсийн эрэмбэ алдагдсан гэх шүүмжлэл эндээс урган гарч байна.
Ээлжит бус чуулган үнэн хэрэгтээ төсвийн тодотголыг шийдвэрлэхээс илүүтэй улс төржилтийг дэвэргэв. Хэн нь хэнийгээ дэмжиж байгаа, хэн нь хэнийхээ эсрэг ажиллаж байгаа, аль бүлэглэл нь хүчтэй байгаа, хэнийг Засгийн газраас гаргах эсэх тухай асуудал төсвийн бодлогын асуудлыг дарж орхилоо.
Өнөөдөр ээлжит бус чуулган хаагдана. Тэр үед төсвийн тодотголын асуудал бодитоор шийдэгдэх эсэх нь тодорхой болно. Гэвч өнөөдрийн байдлаар ээлжит бус чуулган зорилгоо бүрэн биелүүлсэнгүй. Хуралдаан зарласан ч ирц бүрдээгүй, ирц бүрдсэн ч асуудал шийдэгдээгүй, шийдвэрлэх ёстой асуудал нь улс төрийн маргаанд дарагдсан дүр зурагтай байна.
Парламентын ажил гэдэг улс төрийн тоглолтын тайз биш. Төсвийн тодотгол гэдэг бүлэглэлүүдийн хүч үзэх талбар биш. Иргэдийн амьдрал, төрийн үйл ажиллагаа, улсын эдийн засагтай холбоотой шийдвэрүүдийг цаг тухайд нь гаргах нь парламентын үндсэн үүрэг.
Харин энэ удаагийн ээлжит бус чуулганаас харахад төрийн чухал асуудлуудын эрэмбэ алдагдаж, өнөө маргаашийн улс төржилт л үнэ цэнтэй мэт болжээ. Төсвийн тодотгол шийдэгдсэнгүй. Харин улс төрийн зөрчил улам гүнзгийрч, парламентын ажлын бодит чадамжид тавигдах асуулт улам чангарлаа.










