
Хэдэн өдрийн өмнөөс л ярилцахаар товлосон бид сая нэг уулзаж, түүний амьдралын өөр нэгэн хуудастай танилцав. Өөдөөс харан суугаа энэхүү эрхэм бол дууч удмын үргэлжлэл, чөлөөт уран бүтээлч Амарсайханы Түмэнхишиг. Увс аймгийн Тэс сумын уугуул, дороо гурван дүүтэй айлын том охин тэрээр багаасаа л дуу хуурын дунд өлгийдүүлж өсжээ. Тэдний удмынхны дунд дуулахгүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй. Ардын дууч Бурмаа, Гансувд, Уранзаяа гээд олонд танил уран бүтээлчид түүний удамд бий.
“Манай удмынхан ер нь бүгд л дуулдаг. Багаасаа л дуу хуур сонсож өссөн болохоор надад дуулах гэдэг нэг их хол, танихгүй зүйл байгаагүй, яагаад ч юм дуугаа дуулах нь надад илүү өөрийнх юм шиг санагддаг байсан. Удмаа дагаад ч тэр үү, багаасаа дуу хууртай ойр өссөн болохоор ч тэр үү, эцэст нь дуучин болсон доо” хэмээн ярьж байлаа. Уг нь мэргэжлээрээ жүжигчин болохоор суралцаж, Кино урлагийн дээд сургуулийг төгссөн ч жүжигчний замаар явсангүй. Харин төрөлх авъяас, удам дамжсан уянгалаг хоолой нь түүнийг энэхүү замд хөтөлжээ.
Түүний төрж өссөн нутаг ч энэ замд нь багагүй өнгө нэмсэн биз. Увсын Тэсийн уудам нутаг, малчин ахуй, дуу хууртай амьдралын хэмнэл түүний дотор нэгэн тод өнгө болон үлджээ. Түүний аав ээж малчин хүмүүс. Малчин айлын хүүхэд байна гэдэг өөрөө амьдралын нэгэн сургууль. Өглөө эрт босохоос эхлээд хийвэл хийсэн шиг хийх, өөрт оногдсон ажлаа хэнээр ч хэлүүлэлгүй гүйцээх гээд хотын амьдралд анзаарагдалгүй өнгөрч болох олон чанарыг хөдөөний ахуй өөрийн эрхгүй суулгадаг. Түмэнхишигийн ярианаас ч ажилч хичээнгүй аав ээжийн шаргуу, тууштай зан мэдрэгдэж байлаа.


А.Түмэнхишиг одоо найзтайгаа хамтран дуулж, уран бүтээлээ үргэлжлүүлж явна. Тэдний нэр олон хүнд хүрэх болсон нэг шалтгаан нь UBS телевизийн зохион явуулдаг “My Voice” шоуны тайз юм. Уг нь тэмцээний өмнө дуулах шатны шалгаруулалт явагдаж байсныг Түмэнхишиг, найз Сувд-Эрдэнэ хоёр мэдэлгүй явжээ. Тэр үед тэд аравдугаар хорооллын И-Мартын ойролцоо хоол идэж явсан байна.
“Хүмүүс дуулаад байхаар нь Сувдаа бид хоёр ‘Хоёулаа очоод дуулаад үзэх үү?’ гээд шууд очсон. Тэгсэн чинь UBS телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Анужин эгч байсан. ‘Эгч ээ, бид хоёр дуулаад үзчих үү? гээд л шууд орсон” хэмээв.
Тэд өмнө нь Өвөр Монголд хэдэн сар хамт дуулж байсан учир нэгнийхээ хоолой, мэдрэмжийг эчнээ танина. Тиймээс нэг их сүртэй бэлтгэлгүйгээр өөрсдийнхөө фонограмм дээр дуулсан нь хожим олон хүний анхаарлыг татсан байна. Бичлэг нь ч цахим орчинд богино хугацаанд нэлээд өндөр хандалт авч, улмаар UBS телевизээс шоунд хамтран оролцох санал тавьжээ. Ингэж санаандгүй эхэлсэн нэгэн орой тэднийг том тайз руу хөтөлсөн байна. Харин тэднийг олонд илүү танил болгосон нь дуунаас гадна өөрсдийнх нь хөгжилтэй, наргианч байлаа.
Зураг авалтын үеэр Цогтоо ах “Ямар адилхан хоёр хүн гараад ирэв ээ, яг нэг хэвэнд цутгасан юм шиг” хэмээн хошигноход Түмэнхишиг ч өөрийгөө барьж чадалгүй “Увс хамар” хэмээн санаандгүй хэлчихжээ. Тэр ганц үг нь харин тэдний нэр хоч болон үлдсэн байна. “Би ер нь их маазарч, наргиж явах дуртай хүн. Тэр үед ч санаандгүй л хэлчихсэн. Тэгсэн чинь хүмүүс бид хоёрыг Түмэнхишиг, Сувд-Эрдэнэ гэж мэдэхээсээ илүү ‘Увс хамрууд’ гээд зарладаг болчихсон” хэмээн инээв.


Тэр цаашдаа үргэлжлүүлэн дуугаа дуулна. Найзтайгаа хамтран уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Жүжигчин мэргэжлээр төгссөн ч дуучин болсон замналаа тэр өөрийнхөө амьдралын зөрсөн зам гэж боддоггүй. Харин ч удам, өссөн орчин, өөрийнх нь хүсэл сонирхол нийлж байгаад өнөөдрийн Түмэнхишигийг бүтээжээ. “Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг үгээр хэлэхийн аргагүй ээ. Тэр хүмүүсийнхээ сайхан сэтгэлийг би дуугаар дамжуулж хүргэмээр байдаг” хэмээн тэрээр жавхаалаг хэлсэн нь ярилцлагын төгсгөлд үлдэв.
Удам дагасан хөг аялгуу нэг үеэс нөгөөд ингэж л дамждаг байх. Тэрээр өөрийнхөө дууг хайж яваа биш, харин аль хэдийн дотор нь байсан нэгэн аялгууг улам тодруулж, өөрийнхөөрөө хүмүүст хүргэж яваа удам дамжсан дуучин ажээ.











