
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирж, есдүгээр сарын 11-ний орой Ерөнхий сайд Н.Учралтай уулзлаа.
Энэ бол зүгээр нэг протоколын уулзалт биш, Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн дараа Монголын тал анх удаа “34 хувийн эзэмшил бодит мөнгөн өгөөж болж чадах уу” гэсэн асуултад хариу түүхэн уулүалт болов.
Оюу Толгой 2009 онд гэрээ байгуулж, 2013 онд баяжмал экспортолж эхэлсэн. Гэвч бид өнөөдрийг хүртэл ногдол ашиг аваагүй. Шалтгаан нь энгийн. 34 хувийн эзэмшил байсан ч түүнийг дагасан зээл, хүү, менежментийн төлбөр, санхүүжилтийн зардал ногдол ашгийг олон жилээр хойшлуулж, өрийн дарамтанд улсаараа орчихсон.
Харин энэ удаагийн хэлэлцээний дараа тоонууд илүү тодорч эхэлж байна.
Засгийн газар Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах, давхардсан зардлыг арилгах тохиролцоонд хүрсэн.
Үүний үр дүнд,
– Монголын талд ирээдүйд үүсэх санхүүгийн дарамт ойролцоогоор 30 их наяд төгрөгөөр буурах боломжтой гэж үзэж байна.
– Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү дангаараа 22 их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоо ч яригдаж байна.
Энэ нь зөвхөн зардал буурч байгаа хэрэг биш. Ногдол ашиг авах хугацаа наашилж буй хэрэг юм.
2027 оны төсөвт Монгол Улс Оюу Толгойгоос хамгийн багадаа 835 сая ам.доллар буюу 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тооцсон.
Ингэхдээ,
1 их наяд төгрөгийг нь Үндэсний баялгийн санд, үлдсэн 2 их наядыг төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгасан гэдгийг Сангийн сайд хэлсэн.
Оюу Толгой Монголын төсвөөс том төсөл болж хувирсан. Төсвийн орлого тасалдахад нүүрс, зэс хоёр л эдийн засгийг авч явж байна.
Зэсийн үнэ өсөхөд Монголын эдийн засаг амьсгалж, буурахад төсөв шахагддаг болсон.
Тиймээс Саймон Троттын айлчлалын цаад агуулга нь Рио Тинтод тогтвортой орчин хэрэгтэй. Харин Монголд бодит өгөөж хэрэгтэй.
Энэ хоёр ашиг сонирхол огтлолцож байгаа цэг нь Оюу Толгой юм.
Оюу Толгой бол дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг. Цахилгаан автомашин, дата төв, сэргээгдэх эрчим хүчний өсөлтөөс шалтгаалан дэлхий дахинд зэсийн эрэлт ойрын арван жилд өндөр хэвээр байх төлөвтэй.
Ийм үед Монголын хувьд хамгийн чухал асуудал нь “бид дэлхийн том уурхайтай” гэдгээс илүү “тэр уурхайгаас хэдийг авч үлдэж байна вэ” гэдэг асуудал юм.
Өнөөдөр Оюу Толгой Монголд татвар төлж байна.
Ажлын байр бий болгож байна.
Дотоодын компаниудаас худалдан авалт хийж байна.
Харин үүн дээр нэмээд ногдол ашиг бодитоор орж ирж эхэлбэл 34 хувийн эзэмшлийн талаарх олон жилийн маргаан шинэ шатанд гарна.
835 сая ам.долларын ногдол ашиг бол төгсгөл биш. Харин эхлэл.
Цаашид Монгол жил бүр хэдэн ам.долларын ногдол ашиг авах вэ? Зэсийн үнэ өсөхөд Монголын өгөөж хэр нэмэгдэх вэ? Менежментийн төлбөр дахин өсөх үү? Шинэ хөрөнгө оруулалтын зардал гарах уу? 34 хувийн эзэмшлийн ирээдүйн өгөөж хэрхэн өөрчлөгдөх вэ?
Эдгээр асуултын хариу Оюу Толгойн дараагийн арван жилийг тодорхойлно.










