
Нэгдүгээр хорооллын хуучны орос ах нарын барьсан угсармал шар байрны доор жижигхэн зураг угаах газарт өөрийн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн дуртай ажлаа нүүр дүүрэн мишээл тодруулан хийж суух залууг Д:Элбэгзаяа гэнэ.
Ярилцлагаа эхлэхээс өмнө нэгэн түүхээ хуваалцъя. 2017 оны намрын налгар өдөр байсан санагдана. Долоодугаар ангийн сурагч хүү хичээлийнхээ бие даалтыг хэвлүүлэх санаатай хэвлэлийн газар хайж жаал явж билээ.
Гэтэл нэгдүгээр хорооллын угсармал шар байрны доор “Коника” хэмээх жижигхэн зураг угаах газар байж таарав. Тус зураг угаах газарт орон бие даалт хэвлэх үү гэж асуутал өнөөдрийн ярилцлагын гол баатар Д.Элбэгзаяа “болно” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн сууж байсан юм. Ийн хожим сэтгүүлч болсны дараа Д.Элбэгзаяатай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэе.
Дөнгөж төрсөн хүүхдийн зураг дарж байсан бол одоо тэр маань сургуульд орж, цээж зургаа даруулах жишээтэй
-Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе
-Сайн байна уу? намайг Д.Элбэгзаяа гэдэг. 1993 онд төрсөн нэгдүгээр хороололд зурагчин хийдэг залуу байна. 2016 оны дөрвөн сард анх зурагчин хийж эхэлсэн дээ.
Та ойролцоогоор хэдэн хүний зураг дарсан байна вэ? тоог нь гаргаж байсан уу?
-Тоог нь нарийн санадаггүй юм аа. Хичээл сургууль эхлэхээр зураг даруулах хүн олон болчихдог юм. Над дээр таньдаг хүмүүс их ирдэг юм. Дөнгөж төрсөн хүүхдийн зураг дарж байсан бол одоо сургуульд орж байна шүү дээ.
Багадаа хэр их сахилгагүй хүүхэд байсан бэ?
-Би чинь багадаа сахилгагүй хүүхэд байсан даа. Айлын бага хүүхэд болохоор тэр үү эрх өссөн шүү дээ. Ээж аав маань хайрын дээдээр эрхлүүлж өсгөсөн юм даа. Гуч гарсан хойноо ахдаа л эрхэлж байна шүү дээ. Болохгүй зүйл гарвал ахаасаа л тусламж авна даа.


Амьдралдаа та сэтгэл хангалуун байдаг уу?
-Хүн яг хүссэнээрээ дуртай зүйлээ хийгээд амьдрахад сайхан шүү дээ.
Та ямар хүн болно гэж хүүхэд байхдаа мөрөөддөг байсан бэ?
-Google шиг том компанид ажиллана гэж боддог байлаа. Төрийн байгууллагад ажиллаж үзсэн, хувын байгууллагад ажиллаж үзсэн надад тохирохгүй юм байна гэж ойлгосон. Хүмүүс чинь веб сайт хийлгээд эргэж буцах нь хэцүү байсан.


Нууц биш бол ямар шалтгаанаар тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон юм бэ?
-Би чинь зургаан сартай дутуу төрж байсан юм билээ. Эмч нар хүн болохгүй гэж хэлж байсан ч хүн болох хувь заяа байсан юм байлгүй дээ. Би чинь бүтэн суумгай байсан шүү дээ ээж аав маань намайг хөл дээрээ зогсож чадахгүй байхад миний төлөө хөөцөлдсөөр байгаад Улаанбаатар хотод ирж байсан даа. Улаанбаатар хотод ирээд Гэмтлийн арын харанхуй гэж газар байсан юм тэнд л миний хүүхэд нас өнгөрч байсан даа. Хүүхэд нас минь өнгөрсөн харанхуй гэх газар эвгүй газар байсан шүү. Орой болохоор ах нар гараад ирнэ, үеийн хүүхдүүдтэйгээ худаг дээр тоглоод л байж байдаг байсан даа.
Өвөл худгийн ус хөлдөхөөр усны саваа тавьж байгаад гулгаж байгаа загнуулна, хүүхдүүдтэй хамт чаргаар гулгадаг тийм л сайхан хүүхэд насны дурсамж байна даа.
Таны цаашдын зорилго юу вэ?
-Энэ зургийн студиэ бүүр олон хүн ирдэг, томоохон студи болгоно доо.
Амьдралыг та өөрийнхөөрөө дүгнэн хэлнэ үү.
-Хүн чинь юу хүснэ түүгээрэй л амьдарна шүү дээ. Үхэхээсээ өмнө энийг хийж чадсангүй дээ гэж бодож болохгүй шүү дээ.
Энэ завшааныг ашиглаад та гэр бүлдээ зориулж сэтгэлийн үгээ хэлнэ үү.
-Би гэр бүлийнхэндээ зөндөө их талархаж явдаг. Энэ студид намайг ажиллуулж байгаа ах эгч хоёрыгоо би гэр бүлээ гэж боддог. Тэр тусмаа аав ээж хоёртоо маш их баярлаж явдаг.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.










