
Бүгд Найрамдах Киргиз Улсад болсон Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Нүүдэлчдийн цуурай” олон улсын этно хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин Б.Одмандах Үзэгчдийн саналын тэргүүн байрт шалгарсан юм.

Үндэсний хөгжмийн зохиомж, өвөрмөц хоолойгоороо олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан тэрбээр энэхүү амжилтаа монголчуудын нэгдмэл дэмжлэгийн үр дүн хэмээн тодотгож байлаа.
Б.Одмандах: Монголчууд сайн зүйл дээр ч нэгдэж чаддаг гэдгийг бусдын жишээнээс харж байсан. Харин яг өөрийн биеэр мэдрэх үнэхээр сайхан юм билээ. Намайг дэмжсэн хүн бүрд баярлалаа.
“Нүүдэлчдийн цуурай” наадамд нүүдэлчин соёлын өвийг тээж яваа Монгол, Киргиз, Казахстан зэрэг улсын уран бүтээлчдээс гадна Латин Америк, Баруун Европ, БНСУ, Вьетнамын оролцогчид хүрэлцэн иржээ. Ийнхүү өөр өөр соёл, хөгжмийн уламжлалтай уран бүтээлчид нүүдэлчин ахуй, өв соёлыг хөгжмөөр илэрхийлсэн нь тус наадмын онцлог байв.
Б.Одмандахыг энэ удаагийн наадамд төрсөн ах, Монгол Улсын Филармонийн ерөнхий найруулагч, МУСТА Б.Дэлгэрбаяр дагалдан явжээ. Тэрбээр дүүгээ эмэгтэй хүн ганцааранг нь явуулахад санаа зовсон учраас ажлаасаа чөлөө авч, хамт явахаар шийдсэн байна.
Б.Дэлгэрбаяр: Дүү маань Киргиз Улсад болох Дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрээн дэх долоон улсын дуучдын тэмцээнд оролцох болсон. Эмэгтэй хүн ганцаараа явна гэхээр ахын хувьд маш их санаа зовсон. Эрэгтэй дүү байсан бол нүдээ аниад явуулчихаж болох байлаа. Тиймээс хамт явахаас өөр аргагүй юм байна гэж бодоод ажлаасаа чөлөө авсан.
Тэрбээр дүүгээ наадамд оролцох хугацаанд сэтгэл зүйг нь тогтвортой байлгаж, тухайн нөхцөл бүрд нь дэмжихийг хичээсэн ч энэ үүрэг амар байгаагүй гэв.
Би өөрөө уяач нь юм шиг анх удаа дагаж явсан учраас туршлага дутуу байлаа. Аль болох алдаа мадаг бага гаргахыг хичээсэн. Ямар үед сэтгэл санааг нь өргөх вэ, ямар үед нь бага зэрэг дарж, төвлөрүүлэх вэ гэдгээ мэдэхийн тулд надаас их ухаан шаардагдсан. Би дэргэд нь дүүгээ тэр бүр магтаад байдаггүй. Гэхдээ энэ удаа үнэхээр мундаг байсан шүү гэж хэлмээр байна.
Б.Одмандах Монгол Улсын Консерваторид дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж байхдаа “The Voice of Mongolia” шоунд оролцож, поп урсгалын дуугаар өөрийгөө сорьж байсан билээ. Мэргэжлийн багшийнхаа шавь атлаа өөр урсгалаар дуулсан учраас тухайн үедээ багшаасаа багагүй зэмлэл сонсож байсан ч энэ нь түүний уран бүтээлийн замналын нэгэн чухал үе болсон байна.
Тэрбээр дуучнаас гадна флейт хөгжимчний мэргэжилтэй. Сургуулиа төгссөний дараа Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад флейт хөгжимчнөөр ажиллаж, 2023 оны хавраас Улсын Филармонийн Морин хуурын чуулгад флейт хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. Өдгөө хөгжим, дуу хоёроо хослуулан уран бүтээлээ туурвиж байна.
Ах Б.Дэлгэрбаяр нь дүүгээ хоёр мэргэжлийнхээ аль нэгийг орхилгүй, хоёуланг нь үргэлжлүүлээсэй гэж хүсдэг аж.
Хос морьтой хүн гэдэг шиг дүүгээ хос мэргэжлээ аль алийг нь битгий хаяасай гэж хүсдэг. Сайхан дуучин болж, том тайзан дээр дуулахын зэрэгцээ хөгжимчнийхөө мэргэжлийг ч хайрлаж, хүндэлж яваасай. Хөгжимчин болсноороо Франц, Австралийн Сидней зэрэг газрын том тайзнаа гайхамшигтай оркеструудтай хамт тоглож, дурсамж, түүх бүтээсэн. Тиймээс хөгжимчний мэргэжил нь яалт ч үгүй хайрлаж явах ёстой мэргэжил нь юм.
“Ах минь намайг дарж, бас зөөллөж, тэнцвэртэй байлгадаг”
Урлагийн гэр бүлээс гаралтай ах, дүү хоёр уран бүтээлийн замд бие биеийнхээ түшиг тулгуур болсоор иржээ. Насны зөрүү ихтэй учраас Б.Дэлгэрбаяр дүүгээ багаас нь хамгаалж, шаардлагатай үед хатуу үг хэлэн, зарим үед нь зөөллөж ирсэн байна.
Б.Одмандах: Би өөрөө бага зэрэг хэнэггүй талдаа. Харин ах намайг “Эмэгтэй хүүхэд байж” гээд дарж, анхааруулдаг байсан. Зарим үед эсрэгээрээ зөөллөж тэнцвэрийг бий болгож өгдөг. Одоо хүртэл ахынхаа үгэнд орж, даруулгатай явдаг маань үүнтэй холбоотой байх. Өдийг хүртэл 30 гарсан дүүгийнхээ амьдралд үргэлж нөмөр нөөлөг болж, тусалж яваа ахдаа маш их баярладаг.
Б.Одмандахын хувьд “Нүүдэлчдийн цуурай” наадмын Үзэгчдийн саналын тэргүүн байр нь түүний олон улсын тайзнаас хүртсэн шагнал төдийгүй Монголын өв соёл, үндэсний хөгжмийг гадаадын үзэгчдэд хүргэсэн үнэ цэнтэй амжилт байлаа. Харин түүний ард сэтгэл санааг нь өргөж, алдаанаас хамгаалж, шаардлагатай үед хатуу үг хэлдэг ахын нөмөр түшиг байв.
М.Солонго














