
Монгол Улсад 2026 оны эхний улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөг орчимд хүрээд байна. Гэвч энэ бол хүн бүрийн гар дээр очиж буй мөнгө биш, улсын хэмжээнд тооцсон нэрлэсэн дундаж үзүүлэлт. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын цалинг дахин нэмэгдүүлэх шийдвэр яригдаж, 150 мянга орчим төрийн албан хаагчийн орлого өсөхөөр болж байна.
Энд эдийн засгийн нэг энгийн асуулт гарч ирнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд эдийн засагт шинээр бий болсон баялаг нэмэгдэж байна уу, эсвэл байгаа мөнгийг дахин хуваарилж байна уу?
Төсвөөс цалин нэмэх нь өөрөө буруу бодлого биш. Харин цалингийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлтөөсөө хэт давбал эрэлтийг нэмэгдүүлж, улмаар үнэ өсөх дарамт бий болгож болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн нэрлэсэн орлого нэмэгдсэн ч бараа, үйлчилгээний үнэ түүнээс хурдан өсвөл цалингийн нэмэгдэл бодит амьжиргаанд бүрэн шингэхгүй.
Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд эрэлтээс үүдэлтэй инфляцын дарамт гэж тайлбарладаг. Цалин нэмэгдсэнээр өрхийн хэрэглээ өснө. Хэрэглээ өсөхөд үйлдвэрлэл, импорт, үйлчилгээний нийлүүлэлт тэр хэмжээгээр нэмэгдэж чадахгүй бол ижил хэмжээний бараа, үйлчилгээг илүү их мөнгө хөөцөлдөж эхэлнэ. Тэр үед үнэ өсөх эрсдэлтэй.
Төсвийн зарлага огцом нэмэгдэж, бүтээмж дагалдахгүй бол бодит орлогын өсөлтийг инфляц буцаан идэх эрсдэлтэй. Манай улс өөрөө үүний тод жишээ болж байна.
“Хайр зарлах уралдаан”
Төрийн албан хаагчид бол сонгууль бүрийн өмнө улс төрийн анхаарлын төвд ордог том бүлэг. Цалин нэмэх, нэмэгдэл олгох, тэтгэмж өсгөх, төрийн байгууллагын орон тоог хадгалах зэрэг шийдвэрүүд нь богино хугацаанд тодорхой бүлэгт шууд мэдрэгддэг.
Тиймээс сонгууль угтсан үед улс төрчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх амлалтаар өрсөлдөх нь дэлхийн олон оронд ажиглагддаг үзэгдэл. Сонгогчид ч өөрийн халаасанд шууд мэдрэгдэх шийдвэрийг илүү хурдан үнэлдэг. Эдийн засгийн хүндрэлийн үед иргэдийн бодит орлого, инфляцын талаарх хувийн туршлага нь сонгуулийн төлөвт нөлөөлдөг болохыг судалгаанууд харуулдаг.
Монголд ч сонгууль дөхөх тусам ахмад настнууд, төрийн албан хаагчид, тодорхой мэргэжлийн бүлгүүдэд чиглэсэн “хайр зарласан” бодлогын өрсөлдөөн эрчимжих эрсдэлтэй.
Нэг нь “цалинг нэмнэ” гэнэ. Нөгөө нь “тэтгэврийг өсгөнө” гэнэ. Гэхдээ улс төрийн индэр дээр хэлэгддэг “цалин нэмэгдэнэ” гэдэг өгүүлбэрийн цаана энэ мөнгийг хэн төлөх вэ? гэсэн асуулт үлддэг. Иймээс сонгуулийн өмнөх “төрийн албан хаагчдад хайр зарлах” бодлого нь зөвхөн тухайн бүлэгт хэдэн төгрөг өгч байгаагаар хэмжигдэх ёсгүй.
Төрийн албан хаагчийн цалинг төсвөөс нэмэгдүүлж болно. Гэвч төсөв өөрөө иргэдийн татвар, уул уурхайн орлого, төрийн өмчит компаниудын орлого, зээл зэрэг эх үүсвэрээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, төрийн нэг гараар олгож байгаа мөнгийг нөгөө гараараа татвар, үнэ, өрийн дарамт хэлбэрээр буцаан авч болох эрсдэл бий.
ОУВС-гийн Монголын эдийн засгийн талаарх судалгаанд 2023 онд төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийн инфляцид үзүүлэх нөлөөг тооцжээ. Судалгааны загвараар уг цалингийн өсөлтийн шок нь инфляцыг 2025 оны II улиралд цалинг нэмээгүй хувилбараас 13 хүртэлх нэгж хувиар өндөр байлгах дарамт үзүүлж болзошгүй гэж тооцсон байна. Мөн төрийн цалингийн өсөлтийн инфляцид үзүүлэх нөлөө шууд бус, тодорхой хугацааны хоцрогдолтой илэрдэг гэж дүгнэжээ.
Өөр нэг судалгаагаар Монголд төрийн албан хаагчдын цалингийн өсөлт хувийн хэвшлийн цалин болон инфляцид нөлөөлдөг бөгөөд төрийн цалингийн нэг хувийн өсөлт инфляцид дараагийн хоёр жилд тодорхой хэмжээгээр дамжин нөлөөлдөг гэж тооцсон байна. Тэгэхээр асуудал нь “төрийн албан хаагчдын цалинг нэмэх үү, үгүй юу” гэсэн хоёрхон сонголт биш. Харин цалингийн өсөлтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ, эдийн засгийн бүтээмж дагаж өсөж байна уу, инфляцын дарамтыг хэн үүрэх вэ гэдэгт оршино.
Өнөөдөр сарын дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрсэн ч иргэн тэр мөнгөөрөө өмнөхөөсөө бага хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авч байвал нэрлэсэн цалингийн өсөлт бодит амьдрал дээр төдийлөн мэдрэгдэхгүй. Тиймээс төрийн 150 мянган албан хаагчийн цалинг нэмэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн 1.1 сая ажиллагчийн бодит худалдан авах чадварыг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь илүү том асуудал юм.
Цалин нэмэгдэхэд төсөвт зарлага нэмэгдэнэ
Төсвийн орлого хүрэлцэхгүй бол татвар, зээл, төсвийн алдагдал гэсэн гурван сувгийн аль нэгээр санхүүжүүлнэ. Харин төсвийн зарлага болон нийт эрэлт өсөхийн зэрэгцээ нийлүүлэлт хангалттай нэмэгдэхгүй бол үнийн өсөлтөөр дамжин нийт иргэдэд нөлөөлнө. Ингээд өнөөдөр 150 мянган хүний нэрлэсэн орлого нэмэгдэж байгаа ч маргааш 1.1 сая хүний худалдан авах чадвар буурах эрсдэл үүсэж болох юм.
Тиймээс энэ удаагийн цалингийн нэмэгдлийг зөвхөн “төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлж байна” гэж бус, эдийн засгийн нийт орлого, бүтээмж, инфляц, хувийн хэвшлийн цалинтай хамтад нь харах шаардлагатай.
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр цалингийн дундаж үзүүлэлт өндөр байгаа нь бүх ажиллагч ижил хэмжээний цалин авдаг гэсэн үг биш. Дундаж цалин нь өндөр цалинтай салбар, ажиллагчдын нөлөөгөөр өсдөг тул иргэдийн бодит амьдралыг хэмжихдээ голч цалин болон бодит цалинг хамтад нь харах шаардлагатай.
Иймээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр “иргэдийн амьдрал сайжирч байна” гэж шууд дүгнэхээс өмнө нэг асуултыг тавих хэрэгтэй. Гол нь, Иргэн Доржийн амьдралд үлдэх зүйл нь нэрлэсэн цалингийн хэмжээ бус, тэр цалингаар сарын эцэст хэдий хэмжээний бараа, үйлчилгээ авч чадаж байгаа бодит худалдан авах чадвар юм.
Аргентин улсын жишээ
Аргентин бол цалин, үнэ, инфляцын хоорондын уралдаан ямар эрсдэлтэйг харуулсан тод жишээ. Тус улсын инфляц 2023 оны эцэст 211.4 хувь хүрч, 2024 оны нэгдүгээр сард хэрэглээний үнэ өмнөх сараас 20.6 хувиар өссөн. Ийм нөхцөлд засгийн газар 2024 оны хоёрдугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, дараагийн сард дахин өсгөхөөр шийдвэрлэсэн. Гэвч жилийн инфляц 250 хувиас давсан нөхцөлд уг цалингийн нэмэгдэл нь үнийн өсөлтийг гүйцэхэд хангалтгүй байв.
Аргентины кейст төсвийн хэт зарлага, мөнгөний нийлүүлэлт, ханш, инфляцын хүлээлт зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлсөн.
УИХ-ын гишүүдийн байр суурь
Сангийн сайд З.Мэндсайхан: Төсвөөс танаж болох зардлыг танаж, үндсэндээ төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлнэ. Ирэх жилээс төрийн тусгай алба болоод захиргааны байгууллагад ажилладаг албан хаагчдад 20 хувийн нэмэгдэл олгохоор тус тус төлөвлөсөн. Цалин нэмээд инфляц нэмэгдэхээс илүүтэй гадаадаас орж ирж буй стратегийн бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үнийн өсөлт явагдаж байна. Үүнийг бид дотооддоо 100 хувь хянах боломжгүй.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эмнэлгийн салбарын цалинг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Тэгж байж бид эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орлогыг хамгаалах боломжтой.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Өнөөдөр үүсээд байгаа үнийн хөөрөгдөл бол МАН-ын буруу. Тэдний явуулж ирсэн бодлого Монгол Улсыг хадны ирмэгт аваачлаа. Цалингийн нэмэлт дээр төр, хувийн хэвшил хоёр үргэлж цалингаа нэмэгдүүлж, хоорондоо өрсөлддөг байдал олон улсын орнуудад ч бий. Хамгийн сайн боловсон хүчнийг ажилд авахын тулд нэг ёсондоо өрсөлддөг гэсэн үг. Энэ удаагийн Засгийн газрын цалингийн нэмэгдэл ч ийм байдал бий болголоо.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Цалин нэмнэ гэж буй боловч тухайн нэмэгдсэн цалингаар худалдан авалт хийх нь бодитойгоор нөлөөлж байгааг үнэлэх хэрэгтэй. Үнийн өсөлтөөс үүдэж нэмэгдсэн цалин нь орлогын түвшинд нөлөөлөхгүй байхыг буурсан нэмэгдэл гэдэг.










