
Сүхбаатар аймгийн нутгаар наймдугаар сарын 21-нд, Дорнод аймгийн өмнөд хэсгээр 22-нд усархаг болон дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийг голын усны түвшин нэмэгдэх, үер буух, мөндөр орох, аянга цахих, нөөлөг салхи гарах эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Наймдугаар сарын 20-ны 20:00 цагаас 21-ний 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороотой.
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр 3-8 градус дулаан байна. Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр 18-23, Их нууруудын хотгор болон говийн хойд хэсгээр 13-18, бусад нутгаар 8-13 градус дулаан байх төлөвтэй.
Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 градус дулаан байна. Харин Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн өмнөд хэсгээр 26-31, бусад нутгаар 22-27 градус хүрч дулаарна.
Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлших боловч бороо орохгүй. Зүүн өмнөөс секундэд 4-9 метрийн хурдтай салхилж, шөнөдөө 11-13, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Багануурт бороо орохгүй, шөнөдөө 8-10, өдөртөө 21-23 градус дулаан байх бол Тэрэлжид шөнөдөө 5-7, өдөртөө 21-23 градус дулаан байна.









