
Их Британийн шинжлэх ухааны Scientific Reports сэтгүүлд цахилгаан скүүтерийн ослоос авах бэртэл гэмтэл мотоцикл, унадаг дугуйн ослоос авах бэртэл гэмтлээс илүү хүнд байдаг тухай нийтлэл гарчээ.
Уг нийтлэлийг бичсэн эрдэмтэн судлаачид Англи болон Уэльсд гарсан цахилгаан скүүтер, мотоцикл болон унадаг дугуйн ослуудад дүн шинжилгээ хийжээ.
2020-2022 онд Англи болон Уэльсд цахилгаан скүүтер, мотоцикл, унадаг дугуйн ослын улмаас нийт 15 мянган хүн бэртэл гэмтэл авчээ. Тэдгээр хүмүүсийн 600 нь цахилгаан скүүтер, 7000 нь мотоцикл, 7600 нь унадаг дугуйн осолд орсон байсан байна.

Судлаачид дээрх статистикаас цахилгаан скүүтерийн ослоос болж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүсийн тоо мотоциклийн осолд орсон хүмүүсийн тооноос 3.5 дахин өндөр байсныг, энэ нь цахилгаан скүүтерийн осолд орсон хүмүүс голчлон гавал тархины гэмтэл авсан байсантай холбоотой байсныг тогтоожээ.
Судлаачид цахилгаан скүүтерийн ослын улмаас гавал тархины гэмтэл авах магадлал өндөр байгаа нь цахилгаан скүүтерийн бүтэцтэй салшгүй холбоотойг ч мөн тогтоосон байна. Цахилгаан скүүтер унаж яваа хүний хүндийн төв газрын гадаргуугаас өндөрт байдаг учраас скүүтерийг гэнэт тормозлох үед скүүтерээр зорчигч нь ихэнхдээ толгойгоороо урагшаа унадаг байна. Түүнчлэн цахилгаан скүүтерийн дугуй жижиг учраас зам дээр таарсан жижиг саад болгон дээр тормозлох шаардлага гардаг нь ч осол гарахад нөлөөлдөг байна.
Мотоциклийн осолд орсон хүмүүстэй харьцуулахад цахилгаан скүүтерийн осолд орсон хүмүүс аарцагны гэмтэл авах нь 1.7 дахин өндөр, дотор эрхтний гэмтэл авах нь 1.5 дахин өндөр байсан нь тогтоогджээ.
Цахилгаан скүүтерийн ослын улмаас гэмтсэн хүүхдүүдийн тоо унадаг дугуйн ослын улмаас гэмтсэн хүүхдүүдийн тооноос 7 хувиар өндөр байсан байна.
Англи болон Уэльсд цахилгаан скүүтерээр зөвхөн автомашины болон дугуйн замаар дээд тал нь 25 км/ц хурдтай зорчихыг зөвшөөрдөг аж.
Ихэнх орнуудад цахилгаан скүүтерээр зорчигчдоос хамгаалалтын малгай, хэрэгсэл өмсөхийг шаарддаггүй нь ноцтой бэртэл гэмтэл авах гол шалтгаан болдог байна.
Америкийн хүүхдийн гэмтлийн эмч Жон Тодд Лоуренс цахилгаан скүүтер унадаг хүүхдүүдийн дунд бүртгэгдэж буй гэмтэл бэртлүүд сүүлийн үед илүү ноцтой, автомашинд мөргүүлсний дараа авдаг гэмтэл бэртэлтэй төстэй болоод байгааг анхааруулжээ.







