
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр /2026.08.10/ ажиллаж байна.
Үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өглөө.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногтоо 20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тухайлбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна.
Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна.
Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг 2026 оны тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна.


Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан. Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан 2 жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн. Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая хэмээв.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар







