
“KHARKHORUM 360° Visual Art & Music Festival” дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн фестиваль “TIME” буюу “Цаг хугацаа” сэдвийн хүрээнд наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Фестивалийн төслийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийж, энэ жилийн онцлог болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тус фестиваль өмнөх жилүүдэд “Хиртэлт” буюу цаг хугацааны солбилцол, “Сүнс” буюу хүний дотоод ертөнц зэрэг сэдвийг хөндөн гурван бүлэг бүтээлээр үзэгчдэд хүрч байсан бөгөөд гурван жилийн завсарлага авсан байна. Харин энэ жил үндэсний бахархлыг сэргээж, Монголын уран бүтээлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор фестивалийг зохион байгуулж байгааг онцоллоо.
Энэ жилийн гол онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойруулан 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрийн тоглолтод зориулсан дижитал дүрслэл уг дэлгэцээр тасралтгүй үргэлжилж, үзэгчид хөгжмийг сонсохын зэрэгцээ дүрслэлийн орчинд бүрэн автан мэдрэх боломж бүрдэх аж.
Мөн хөгжмийн дуугаралтад “Cinematic Orchestral” системийг ашиглаж, амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл болон орон зайн дуугаралтыг нэг дор хослуулахаар төлөвлөжээ. Ингэснээр бүтээл бүрийн сэтгэл хөдлөл, хөгжмийн орон зайн мэдрэмжийг илүү өргөн хүрээнд хүргэх боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
“TIME” сэдвийн хүрээнд Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх Монголын түүхэн дэх таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн хэлбэрээр дүрслэн үзүүлж, үзэгчдийг 2000 гаруй жилийн түүхээр аялуулахыг зорьжээ.
Түүнчлэн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан “Нэг тасалбар – Нэг мод – Нэг өв” санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү санаачилгын хүрээнд “Хархорум төгөл” байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд “KHARKHORUM 360°” нь хөгжим, дижитал дүрслэл, орон зайн урлагийг нэгтгэсэн томоохон хэмжээний уран бүтээлийн наадам болох юм.







