
ОХУ-ын засгийн газар 2027 оны 7-р сарын 1 хүртэл Евро-2, Евро-3, Евро-4 стандартын автомашины бензинийг үйлдвэрлэх, импортлох, борлуулахыг зөвшөөрчээ.
ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр Евро-2, Евро-3, Евро-4 стандартын бензин, түлш борлуулахыг зөвшөөрснөөр шатахуун түгээх станцууд ямар стандартын бензин борлуулж байгаагаа олон нийтэд үнэн зөв мэдээлж, иргэд уг мэдээлэл дээр нь үндэслэн сонголтоо хийх боломжтой болох аж.
Оросын эрх баригчид энэ нь дотоодын зах зээлийг шатахуунаар тогтвортой хангах, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлсэн түр зуурын шийдвэр гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш Киев ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлснээр Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал огцом буурч, сүүлийн саруудад ОХУ-д шатахууны хямрал үүсээд байгаа билээ.
Евро-2, Евро-3 стандартын бензин, түлш нь хүхрийн агууламж өндөртэй тул байгаль орчинд хортойгоос гадна автомашины эд ангийг муутгадаг сөрөг талтай юм. ОХУ-ын хувьд 2013 оноос Евро-2 стандартын бензиний борлуулалтыг хоригложээ.







