
Эрчим хүч, шатахуун болон логистикийн хямралаас болж Крымийн хойгийн Ялт хотын удирдлагууд ахуйн хийн шугамд холбогдоогүй орон байрнуудын оршин суугчдад зориулж орон сууцуудынх нь гадна хээрийн гал тогоонууд барьж эхэлжээ.
Түүнээс гадна Ялт хотын удирдлагууд орон нутгийн бизнесменүүдээс хувийнхаа зардлаар хотын иргэдэд хоол хүнс бэлтгэж өгөхийг хүсээд байгаа аж.
Украины зэвсэгт хүчний цохилтуудаас болж ОХУ-ын ихэнх мужууд эрчим хүч, шатахууны хомсдолд ороод байгаа билээ.
Бүгд Найрамдах Алтай улсад автомашинуудад 24 цагт нэгээс олон удаа шатахуун авахыг хориглоод байна. Өмнө нь тус бүс нутагт тээврийн хэрэгслүүдэд өдөрт 1 л удаа шатахуун олгох журам хэрэгжиж байсан ба үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуун түлшээр тасалдуулахгүйн тулд бензин түлшний борлуулалтад дахин зохицуулалт хийх шаардлага гарсныг Бүгд Найрамдах Алтай улсын тэргүүн Александр Прокопьев онцолжээ.
Уг хязгаарлалт газар тариалангийн аж ахуй эрхлэгчдийн машин техникт хамаарахгүй аж.







