
Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Андреа Пирло Оросын цахим бооцооны платформтой холбогдсон асуудлаасаа болж Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах боломжоо алджээ.
Италийн Хөлбөмбөгийн холбоо А.Пирлог Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилсноо албан ёсоор зарлаагүй ч тэрээр шигшээ багийн дасгалжуулагч болох нь гарцаагүй гэгдэж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Италийн зарим улстөрчид А.Пирло өнгөрсөн оны 10-р сард Оросын цахим бооцооны Фонбет компанийн олон улсын элч төлөөлөгч болж, өнгөрсөн хавар тус компанийн Москва хотын Лужники цэнгэлдэхэд зохион байгуулсан арга хэмжээнд ОХУ-ын Украинд явуулж буй дайныг дэмжигчдийн хамт оролцсон болохыг онцолжээ.
Фонбет компани нь ОХУ-ын цахим бооцооны хамгийн том компани бөгөөд Украинд дайтаж байгаад ирсэн Оросын цэргүүдэд зориулсан спортын тэмцээн уралдаан, наадмуудыг санхүүжүүлж байсан түүхтэй аж.
Италийн “Ационе” намын гишүүн Карло Календа, “2022 оноос хойш Оросыг сурталчилсан эсвэл сурталчилсаар байгаа хэн ч бай төрийн алба хаших ёсгүй.” гэжээ.
47 настай А.Пирло шигшээ багийн дасгалжуулагчийн албан тушаалыг хаших боломжгүй болсноо зарласны дараахан Италийн Хөлбөмбөгийн Холбооны Техникийн талыг хариуцсан захирлаар хоёр долоо хоногийн өмнө томилогдсон Италийн шигшээ багийн ахлагч асан Паоло Малдини, түүний зөвлөх, Бразилын шигшээ багийн тоглогч асан Леонардо нар албан тушаалаасаа бууж буйгаа мэдэгджээ. Тэд
2014 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй Италийн шигшээ багт өөрчлөлт шинэчлэлт хийх, дасгалжуулагч олж томилох ажлыг хариуцаж байсан аж.
Өнгөрсөн 4-р сард Италийн Хөлбөмбөгийн холбоо Италийн шигшээ багийн дасгалжуулагч Женнаро Гаттузог ажлаас нь халсан юм.
Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар Антонио Конте эсвэл Роберто Манчини нарын нэг нь томилогдож болзошгүй байгаа аж.







