
Хятадын хоёр залуу математикч математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Филдсийн шагналыг хүртжээ.
4 жилд нэг удаа математикийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан 40-өөс доош насны цөөн тооны залуу математикчдад олгодог уг шагналыг 35 настай Хонг Ван, 37 настай Ю Дэн нар АНУ-ын Жон Пардон, Канадын Жейкон Цимерман нарын хамт хүртэж, тус бүр 10 500 ам.доллароор шагнуулжээ.
35 настай Хонг Ван, 37 настай Ю Дэн нар математикчдын 100 гаруй жил бодож чадаагүй бодлогыг бодож, Филдсийн шагналыг хүртсэн Хятадын анхны математикчид болж, Хятадын нийгмийн сүлжээнд “Филдсийн шагнал”, “Филдсийн шагналыг Хятадаас хүртсэн анхны математикчид” гэсэн хэштагууд, “Хятадын ард түмний бахархал” гэсэн сая сая комментууд хөвөрсөөр байна.
Хонг Ван хамт ажилладаг Жош Залын хамт 1917 онд Японы математикч Соичи Какеяагийн зохиосон бодлогын хариуг бодож олсон ба Хонг Ван Филдсийн шагналыг хүртсэн 3 дахь эмэгтэй болжээ.
1991 онд Гуаньши мужийн Гуйлин хотод төрсөн Хонг Ван бага ангидаа хоёр анги алгасаж, 16 настайдаа Хятадын хамгийн нэр хүндтэй Бээжингийн их сургуульд элсжээ. Их сургуулиа төгссөнийхөө дараа Хонг Ван Францын Paris-Sud University болон Политехникийн сургуульд тус бүр суралцаж, Массачусетсийн Технологийн Институтэд докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Нью Йоркийн их сургууль, Францын Institut des Hautes Études Scientifiquе-т профессороор ажилладаг ба өнгөрсөн пүрэв гарагт Францын Ерөнхийлөгч Э.Макрон Хонг Ванд нэр хүндтэй шагнал хүртсэнд нь баяр хүргэсэн байна.
Ю Дэнгийн хувьд мөн л багаасаа математикийн олимпиад тэмцээнүүдэд оролцож ирсэн ба 2007 онд Бээжингийн их сургуульд элсэж, 2009 онд Массачусетсийн их сургууль руу шилжиж төгссөн ба Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалж, 2024 оноос хойш Чикагогийн их сургуульд багшилж байгаа аж.
Эх сурвалж: BBC







