
Сургууль, цэцэрлэгийн засварын ажил есдүгээр сарын 1-тэй зэрэгцэх шахуу дуусдаг нь жил бүр л тохиолддог хэвшмэл зүйл болоод удаж буй. Томчууд сургууль, цэцэрлэгээр 5-10 минутын хугацаатай ороод гарахдаа “Будаг үнэртэж байна. Толгой өвдөх нь” гэх мэтийг бодоод, хоорондоо ярилцаад л өнгөрдөг. Харин хүүхдүүд будаг ханхалсан буюу химийн хортой бодисоор бохирдсон орчинд өдөрт хамгийн багадаа дөрвөн цагийг өнгөрүүлдэг билээ. Тэгвэл Хүний их эмч, Орчны эрүүл мэндийн судлаач Л.Дэлгэрзул “Хүүхдүүдийг будаг ханхалсан ангид суулгах нь цусны хорт хавдар үүсгэх аюултай” гэдгийг сануулаад байгаа юм.
Тодруулбал, “Сургууль, цэцэрлэг шаардлагагүй бол жил болгон засвар хийх хэрэггүй. Жил болгон засвар хийх ёстой гэдэг нь бидний дунд хэвшсэн буруу ойлголт. Хувийн сургуулиуд анхнаасаа чанартай материалаар сургуулиар хийж 3 жилдээ нэг засах нь бий. Хүүхдүүдийг хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө яаруу сандруу засвар хийсэн, будаг нь хатаж амжаагүй анги танхимд оруулж буй нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа. Эдгээр барилгын материалуудаас “дэгдэмхий органик нэгдэл” (VOC) хэмээх хүний биед хортой бодисууд ялгардаг. Нэрээс нь харахад эдгээр бодисууд агаарт дэгдэж, амьсгалаар хүний биед нэвтэрдэг.
Ялангуяа эхний 30 хоногт хамгийн их хэмжээгээр ялгардаг нь хамгийн аюултай үе юм. Энэ хугацаанд хүнгүй орчинд дэгдэж дуусах боломжийг бүрдүүлэх ёстой ч эсрэгээрээ хүүхдүүд хамгийн их хордлогын үед нь тухайн орчинд орж байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хавдрын өвчлөл жилд 20-30 хувиар өсөж байгаа нь ноцтой дохио тэр дундаа цусны хавдар нэмэгдэж байгаа. Бензол, формальдегид зэрэг бодисууд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгдүгээр зэргийн хавдар үүсгэгч гэж батлагдсан бөгөөд эдгээр нь ихэвчлэн хямд будаг, шингэлэгч, цавуунд агуулагддаг” гэсэн юм.
Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварт барилгын эрүүл мэндэд хоргүй будаг, материалуудыг ашиглахыг үүрэгжүүлнэ. Аль болох наймдугаар сарын 1-нээс өмнө дуусгахыг хичээнэ. Будаг бүрээс хорт хавдар тусна гэж байхгүй. Химийн хортой будгыг хэрэглэсэн ганц, хоёр тохиолдол байгаа юм билээ. Түүнээс будаг, материал болгон хорт хавдар үүсгэдэггүй” гэсэн байр суурийг илэрхийлээд буй.
Хавдрын өвчлөлийн нууц хугацаа нь 10 ба түүнээс олон жил үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хавдарт үүсгэгч дэгдэмхий органик хортой бодисуудаар амьсгалснаас хойш бие махбод дотор эсийн гэмтэл удаан хугацаанд анзаарагдахгүйгээр явагдаж, хавдрын эс үүсэж бий болох суурийг тавьдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа.
Сургууль, цэцэрлэг бол хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хамгийн дээд түвшинд бүрдүүлсэн байх ёстой газруудыг нэг. Гэтэл “чимээгүй” хүүхдүүдийн эрүүл мэндэд заналхийлэх орчныг бүрдүүлсээр байж болно гэж үү.
Видео үзэх холбоос:









