
Боловсролын төсвийн хэлэлцүүлгийн үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан өгсөн мэдээлэлдээ “УИХ-ын зарим гишүүн буюу Ж.Галбадрахаас авхуулаад багш нарын хомсдолын талаар нийгэмд буруу мэдээлэл өгч байна. Үүнийг засаж залруулах ёстой. Монгол Улсад багшин хомсдол байхгүй гэдгийг би албан ёсоор хэлье” гэсэн. Гэтэл өмнө жил буюу 2025–2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад 3,324 багшийн сул орон тоо бүртгэгдсэн бөгөөд үүний 1,590 нь нийслэлд байжээ. Боловсролын ерөнхий газрын мэдээллээр сүүлийн жилүүдэд хичээлийн жилийн төгсгөлд жил бүр дунджаар 2,500–4,000 багшийн сул орон тоо үүсдэг байна.
Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ” Бидний судалснаар 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж баталж байгааг огт ойлгосонгүй. Та ямар зарчмаар хэрхэн тооцоолол хийснээ нээлттэй тайлбарлана уу. Нээлттэй олон түмний өмнө шударгаар мэтгэлцэж болж байна. Тооцооллоо зөв хийхгүй бол багшийн хомсдолыг арилгах бодлого гаргаж чадахгүй шүү дээ” хэмээх мэдэгдэл хийсэн. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Гэсэн хэдий ч багшийн хүний нөөцийн дутагдал байсаар, ажиллах боловсон хүчингүй болсон тул арга буюу төрөөс төлбөрийг нь дааж багш мэргэжлээр сурах сонирхолтой хүмүүст ч боломж олгоод буй. Тэгвэл яагаад Монгол Улсад багшийн хомсдол жил бүр үүсээд байна вэ.
Нэг багшид ногдох ачаалал
Багшийн хомсдолыг зөвхөн цалинтай холбож тайлбарлах нь учир дутагдалтай. Багшийн ажлын ачаалал бол асуудлын гол хэсэг. Дэлхийн банкны судалгаагаар Монголын бага ангийн багш долоо хоногт дунджаар 62.4 цаг ажилладаг гэсэн тооцоо гарч байжээ. Багшийн ажил зөвхөн хичээл заахаар дуусдаггүй. Дэвтэр засах, шалгалт авах, хичээл төлөвлөх, тайлан мэдээ гаргах, эцэг эхтэй харилцах, сургалт семинарт хамрагдах зэрэг олон ажил багшийн ажлын өдрийн нэг хэсэг болдог. Өөрөөр хэлбэл, нэг багшийн орон тоо хоосон үлдэх бүрд түүний ажлыг бусад багшид хуваарилах эрсдэлтэй. Ингэснээр багшийн ачаалал улам нэмэгдэж, улмаар ажлаас гарах шалтгаан нь өөрөө хомсдолыг нэмэгдүүлэх мөчлөг үүсгэж болно.
Цалин нэмэгдсэн ч асуудал арилах уу…
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш, ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Мөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 26 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн талаар Боловсролын яам мэдээлсэн. Энэ нь багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чухал алхам. Гэвч цалин нэмэгдсэнээр багшийн хомсдол шууд арилна гэж үзэхэд эрт. Учир нь багшийн асуудал зөвхөн “хэдэн төгрөгийн цалин авах вэ” гэдэг асуултаар дуусахгүй. Цалинтай зэрэгцэн ажлын ачаалал, илүү цаг, нэмэлт үүрэг, нийгмийн баталгаа, ажиллах орчин зэрэг хүчин зүйл багшийн мэргэжилдээ үлдэх эсэхэд нөлөөлнө. Тиймээс төрийн өмнө “багшийн цалинг хэдээр нэмэх вэ” гэхээс гадна “багшийг ажлаас гарахад хүргэж буй ямар нөхцөлийг өөрчлөх вэ?” гэсэн асуулт тавигдаж байна.
Орон нутагт багшийн хомсдолын шалтгаан өөр
Хөдөө ажиллах залуу багшийн хувьд цалин дээр нэмээд орон байр, гэр бүлийн нөхцөл, тээвэр, нийгмийн орчин зэрэг асуудал гарч ирдэг. Туршлагатай багш нар аймгийн төв болон томоохон хот руу шилжих тохиолдол ч хүний нөөцийн тогтвортой байдалд нөлөөлнө. Иймээс “улсын хэмжээнд хэдэн багш дутагдалтай вэ” гэдэг нэг тооноос илүү “хаана ямар багш дутагдалтай вэ” гэдэг асуулт чухал. Нэг аймагт математикийн багш дутагдаж байхад өөр аймагт англи хэлний багшийн орон тоо хоосон байж болно. Нийслэлд бага ангийн багш хэрэгтэй байхад алслагдсан суманд физикийн багш олдохгүй байх магадлалтай.
Багш болох хүсэлтэй хүн цөөрсөн үү
Багшийн хомсдолын нөгөө тал нь шинэ хүний нөөц. Боловсролын яам 2026 онд ерөнхий боловсролын багшаар 9,400, англи хэлний багшаар 1,000 хүн бэлтгэх зорилт тавьсан. Энэ нь салбарын хүний нөөцийн хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлага байгааг харуулж байна. Судлаачид “Төрийн бодлого арай залхуу байна. Суурь шалтгааныг ухаж, засахын оронд наад захын багш биш хүнийг багш болгочихъё, босго оноог багасгаж, төлбөргүй болгочихъё гэдэг нь төрийн залхуу бодлогууд. Төрийн бодлого цогц байх ёстой. Багшийн талаар баримтлах зарчим, бодлогыг Монгол Улс гаргах шаардлагатай. Тэр хүрээндээ алхмууд хийх хэрэгтэй. Олон шийдэл, алхмууд нийлж байж бодлого болж багшийн нэр хүндийг өсгөж, багш дутагдах үйл явдлыг засаж, улмаар сайн чанартай багштай болж, тэр нь боловсролын чанарт нөлөөлнө” гэж үздэг.
Бид багш дутагдаж байна гэж ярих уу, багш нараа тогтоож чадахгүй байна гэж ярих уу?
Монголд жил бүр хэдэн мянган багшийн сул орон тоо үүсэж байгаа нь асуудлын зөвхөн нэг тал. Нөгөө талд нь хэдэн багш шинээр ажилд орж, хэд нь ажлаасаа гарч байгаа вэ гэдэг тоо бий. Хэрэв жил бүр шинээр олон багш бэлтгэгдэж байгаа ч сургуулийн хаалгаар орсон багш нар хэдхэн жилийн дараа гарч байгаа бол асуудал “багш бэлтгэхэд” биш, “багшийг тогтоон барихад” байж болох юм. Харин шинээр бэлтгэгдэж буй багшийн тоо бодит хэрэгцээнээсээ бага бол энэ нь өөрөө хүний нөөцийн бодлогын асуудал.
Тиймээс багшийн хомсдолыг шийдэхийн тулд нэг л арга хэмжээ хангалтгүй. Цалин нэмэх хэрэгтэй. Гэхдээ цалин нэмэхийн зэрэгцээ ажлын ачааллыг бууруулах, шинэ багш бэлтгэх, бэлтгэгдсэн багшийг мэргэжлээр нь ажиллуулах, тогтоон барих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна. Багшийн хомсдол бол зөвхөн боловсролын салбарын ажиллах хүчний асуудал биш. Эцсийн дүндээ энэ нь хүүхдийн боловсролын чанар, хүртээмжид шууд нөлөөлнө.
Иймээс хичээлийн шинэ жил бүрийн өмнө “хэдэн багш дутагдаж байна вэ” гэж тоолохоос илүү “яагаад жил бүр ижил асуудал давтагдаж байна вэ” гэдгийг асуух цаг болжээ. Монгол Улс жил бүр хэдэн мянган сул орон тоог нөхөх биш, багшийн хомсдолыг дахин үүсгэдэг тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна. Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Сургууль бүр сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангаж, эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг базааж байна. Гэхдээ багш хомсдолын асуудлаа яах вэ…
Г.Хэрлэн









