
Эхлээд хэдэн тоо харуулья:
7.7% — Эдийн засгийн өсөлт
13% — Инфляц
25.5% — Хүнсний инфляц
-4.8% — Өрхийн бодит орлого, зарлага
6.2% — Орон сууцны үнийн өсөлт
4.7 сая ₮ — УБ-ын 1м² орон сууцны дундаж үнэ
-2.2 их наяд ₮ — Төсвийн алдагдал
Энэ бол 2026 оны эхний 7 сард Монгол Улсын эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлтийн тоон илэрхийлэл.
Эндээс та бидний амьдралтай харилцан хамааралтай 4 тоог онцолж байна.
Эдийн засаг 7.7 хувиар өсөв. Гэхдээ энэ өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхай. Харин монголын нэг өрхийн бодит орлого, зарлага 4.8 хувиар буурчээ. Инфляц 13 хувь. Харин хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 25.5 хувиар өссөн.
Инфляц 13%-д хүрсэн нь сүүлийн 5 жилд байгаагүй хамгийн өндөр түвшин.
- 2022 – 15.7%
- 2023 – 9.2%
- 2024 – 5.1%
- 2025 – 8.1%
- 2026 – 13.0%
2022 оны инфляцын оргил нь цар тахлын дараах нийлүүлэлтийн хүндрэл, хил гаалийн доголдол, олон улсын хүнс, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг гадаад болон нийлүүлэлтийн хүчтэй шоктой холбоотой байсан. Харин 2026 оны нөхцөл өөр.
Шатахууны нийлүүлэлтийн шок, хүнсний үнийн 25.5%-ийн өсөлт, дотоодын үнийн дарамт, төсвийн зарлагын тэлэлт зэрэг хүчин зүйл давхардаж байна.
Эндээс харвал “инфляц дахин эрчимжиж байна” буюу хүнсний болон бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт өндөр хэвээр байх дохио юм.
Угаас манайд 09 сарын 01-н дөхөөд үнийн өсөлт гаардаг ч жамтай.
Бүр илүү анхаарах тоо бол хүнсний инфляц.
Өнөөдөр хүнсний инфляц — 25.5%-д хүрлээ.
Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүний үнэ та бидний нийт хэрэглээний сагсны дунджаас бараг хоёр дахин өндөр хурдаар өсөж байна. Энэ нь иргэдийн амьдралд статистик дээр харагдаж буй 13%-ийн инфляцаас илүү хүчтэй дарамт болж мэдрэгдэнэ. Мэдрэгдээд ч эхэлчихсэн.
Харин Засгийн газрын зүгээс намрын намарт улсын төсөв хүндэрч, данхайсан зарлагаас нь бол 2,2 их наяд хүрчихсэн алдагдалтай төсвөө тодотгож, “бүсээ чангалцая” гэж уриалдаг.
Энэ удаад бол төсвийн орлогыг татвараараа бүрдүүлээд явж байгаа иргэд, бизнес эрхлэгчид л лав бүсээ чангалж чадахгүй шүү Н.Учрал сайд аа!!!
Харин төрийн данхар бүтцээ цомхотгож, үрэлгэн зардалаа өөрсдөө хасах нь дээрх тоон илэрхийллийн үнэнд нийцэх үйлдэл болох биз ээ.









