
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг гурван өдөр болгосонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим орчинд байр сууриа илэрхийллээ.
“Есөн хөлт тойруулахгүй ч төрийн наадмын даваа тооцох нь л гол зорилго болоод байгаа юм.
МҮБХ 2021 онд есөн хөлтгүй барилдаан зохиогоод түүндээ төрийн цол олгуулна гэж бөхчүүдийг хуурч барилдуулсан. Залилсан гэсэн үг. Тэр нь мэдээж төрийн наадам биш тул цол олголгүй өнөөдрийг хүрсэн. МҮБХ ганц тэр МЗХ-ны барилдаан төдийгүй зарим аймаг, сумдын наадмын барилдааныг хийлгээд цол олгуулчихсан. Ингээд төрийн наадамгүй жилийн аймаг, сумдын цолтнуудын цолыг зөвшөөрсөнөөр тэр жил улсын шинэ цолтонгүй ч аймаг, сумын шинэ цолтнууд эрэмбэ шинэчилсэн. МҮБХ-ны хууль зөрчиж зуурсан жонхуу. Энэ жонхуугаа утга учиртай болгох гэж хууль хүртэл түлхээд бүтэлгүйтсэн. Аргагүй шүү дээ. Монгол төрийн наадам Есөн хөлт цагаан тугаа цэнгүүлсэнээр эхэлдэг. Тэр тугийг таваас дээш удаа тойрсон бөх цол нэмдэг. Энэ бол уламжлал. Өв соёл.
Гэтэл одоо ямар аргаар үзэж байна гэхээр, өнөө жилийн наадмыг 7 сарын 10-нд эхлүүлээд эхний хоёр давааг есөн хөлтгүй явуулах. Төр МҮБХ-ны энэ хүслээр наадмаа эхлүүлчихвэл төрийн наадам Есөн хөлт цагаан туггүй явж болдог жишиг тогтоно. МҮБХ-ны 2021 онд уламжлалаа эвдэж хууль зөрчсөн алдаа нь алдаа биш болно. Товчхондоо, төрт ёс, түүхэн уламжлалаа урж бохир гараа арчаад буруугаа зөв болгож дөнгөнө гэсэн үг.
Н.Номтойбаяр машин, мотоцикль л оролдохоос бөх сайн мэдэхгүй. Үздэг ч үгүй байх. Буруу биш шүү дээ. Хүн хүний сонирхол өөр. Гол нь асуудал, агуулгаа сайн мэдэхгүй хүн шийдвэр гаргах болох үед сайн зөвлөх хэрэгтэй. Үгүй бол буруу толгойтой МҮБХ мэт нь ингээд амандаа оруулаад зажлаад эхэлж байгаа юм. Тиймд эрхэм Шадар сайдаас хүсье. Туурга тусгаар Монгол даяарын наадам жил бүрийн Долдугаар сарын арван нэгэнд төрийнхөө Есөн хөлт цагаан тугийг төрийн өндөр хамгаалалт дор хүндэтгэл дүүрэн залж Төв цэнгэлдэх хүрээлэндээ цэнгүүлсэнээр ёслол төгөлдөр эхэлдэг. Их эзэн Чингис хааныхаа Есөн хөлт цагаан тугийг таваас дээш тойрч Монгол хүчтэн цол нэмдэг. Түүгээрээ л бүх Монголчууд бахдан цэнгэж баярлаж нааддаг. Өргөн их утга учир агуулсан, үндэсний эв нэгдэл, цэнгэл баярын шалтгаан болдог өв уламжлалыг битгий эвдээрэй.
Бас,
- Наадмыг 10-нд эхлүүлснээр найраа багасах биш бүр ихэснэ. Монгол наадмын утга учир бүр алдагдана. Хорт холбоог биш хашир Аваргуудынхаа үгийг сонс.
- Нээлтийн билетийг бүгдэд нээлттэй зарна гэсэн. Төв асрынх зарагдаагүй. Зарна гэчихээд халаасалж авч үлдэж болохгүй. Хадгалж үлдсэнийгээ дарга нарт тараахгүй шүү. Монгол наадмаа хэрүүл уруулгүй хийх нь тусгаар Монголын төрийн чухал үүрэг байдаг юм шүү” гэв.









