
АНУ-ын Нью Йорк хотын алдарт Empire State Building-ийн орой дээрх шовх үзүүрт антенна дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч, “Хайрын хүч эрх мэдлийн төлөөх шуналаас хүчтэй болоход дэлхий дээр энх тайван тогтдог” гэсэн бичиг бүхий далбааг мандуулжээ.
Variety болон RTVI US сайтуудын мэдээлснээр тус барилгын орой руу гарсан эрэгтэй эмэгтэй хоёр нь ОХУ-ын алдартай руферууд болох Ангела Николау, Ваня Биркус нар аж. Тэд дэлхийг тойрон аялж, тэнгэр баганадсан өндөр барилгуудын орой луу ямар ч хамгаалалт, бэхэлгээгүйгээр авирдаг алдартай хос юм. Ангела Николау, Ваня Биркус нарын тухай “Skywalkers: A Love Story” нэртэй баримтат кино 2024 онд “Sundance” кино наадам дээр анх нээлтээ хийж байсан юм.
Гэрчүүдийн ярьснаар барилгын шовх орой дээрээс доош буусныхаа дараа Ваня Биркус найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.
Ангела Николау, Ваня Биркус нар Empire State Building рүү авирах үед цагдаа нар тус барилгын ойр хавийн зам талбайг хааж, нисдэг тэрэг хөөргөхөд хүрсэн ба Ангела Николау, Ваня Биркус нарыг барилгаас буусны дараа цагдаа нар тэднийг саатуулжээ. Руферуудад барилга руу хууль бусаар нэвтэрсэн, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр хэрэг үүсгэж болзошгүй аж.
А.Николау өөрийн нийгмийн сүлжээнд Empire State Building-ийн орой дээр авсан зургууд, сүйн бөгжөө нийтэлснээр тус барилга руу И.Биркусын хамт авирсан болохоо баталжээ.
Нөгөө талаас Empire State Building-ийн зүгээс А.Николау, И.Биркус нарын авиралт барилгын түрээслэгчид, үйлчлүүлэгчид болон барилгын дээвэр дээр байсан иргэдийг ямар нэг байдлаар эрсдэлд оруулаагүй болохыг онцолж, Нью Йорк хотын төвд байрлах дэлхийн хамгийн алдартай тус барилгын дээвэр дээрх үзвэрийн талбай дээр гэрлэх санал тавих нь хамгийн мартагдашгүй дурсамжийг бүтээнэ гэжээ.
13 News









