
Азербайжаны эрх баригчид 16 нас хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээний платформуудад бүртгүүлэхийг хориглохоор төлөвлөж, үүнтэй холбоотойгоор өнгөрсөн мягмар гарагт тус улсын парламент Зөрчлийн тухай хууль, харилцаа холбоо, цахим хөгжил, мэдээллийг хамгаалах тухай хууль, хүүхдүүдийг хортой мэдээллээс хамгаалах тухай хуульд зохих өөрчлөлт шинэчлэлтүүдийг оруулжээ.
Шинэ журамд 16-18 насны хүүхдүүд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийнхаа зөвшөөрлөөр нийгмийн сүлжээнд бүртгүүлж болно гэж заасан байгаа аж. Нийгмийн сүлжээнд бүртгүүлэгчийн насыг банкны карт, гар утасны дугаар болон электрон хаягаар нь баталгаажуулахаар төлөвлөснөөс гадна нийгмийн сүлжээний платформууд хэрэглэгчийн насыг үнэн зөв баталгаажуулахдаа технологийн өөр бусад аргуудыг ашиглах боломжтой аж.
Түүнчлэн нийгмийн сүлжээний платформуудаас Азербайжанд салбараа эсвэл төлөөлөгчийн газраа нээх, ингэхдээ төрийн байгууллагуудтай харилцах төвүүдтэй болохыг шаардах аж.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээр нийгмийн сүлжээний платформууд Азербайжаны засгийн газраас тавьсан шаардлагуудыг 6 сарын дотор биелүүлэх ёстой ба заасан хугацаанд тавьсан шаардлагуудыг биелүүлж чадахгүй бол эхний ээлжинд 235 мянга орчим ам.доллароор торгуулах, цаашлаад үйл ажиллагаагаа хязгаарлуулахад хүрэх аж.
Австрали улс хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон дэлхийн анхны улс болоод байгаа бол 9 улсад хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоож, 13 улс ойрын хугацаанд хязгаарлалт тогтоохоор төлөвлөөд байна.
Хамгийн сүүлд Их Британи, Умард Ирландын Вант улс энэ оны сүүлээр зохих хуулийн төслийг баталж, 2027 оны хавраас хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглож эхлэхээр төлөвлөжээ.
OXU.AZ









