
Арабын Нэгдсэн Эмират хүлэмжийн хийн ялгарлаа бууруулж, байгальд ээлтэй тээврийн сүлжээ байгуулах төлөвлөгөөнийхөө хүрээнд тус улсын 11 хотыг холбох анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг өнгөрсөн мягмар гарагт эхлүүлжээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг эрхлэн явуулж буй Etihad Rail компанийн анхны зорчигч тээврийн галт тэрэг өнгөрсөн мягмар гарагийн өглөө 05:34 цагаас Оманы булан дахь Фужайра хотоос хөдөлж, 250 км замыг 1 цаг 45 минутад туулан нийслэл Абу Даби хотын Mohammed Bin Zayed City Station-д өглөөний 07:19 цагт хүрчээ.
Арабын Нэгдсэн Эмират улсад зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтэрч буйтай холбоотойгоор Etihad Rail компани хэдийн 10 мянга гаруй тасалбар борлуулаад байна.
Etihad Rail компани үйлчлүүлэгчдэдээ орчин үеийн аяллыг мэдрүүлнэ гэдгээ амлажээ. Тус компанийн зорчигч тээврийн галт тэрэгнүүд дотроо кафе, зоогийн газрууд, олон улсад танигдсан алдартай брэндүүдийн дэлгүүрүүдтэй байх ба эйр кондишн, Wi-Fi, цахилгааны залгууруудаар тоноглогдсон байгаа аж. Түүнээс гадна иргэд суудлаа урьдчилан захиалах боломжтой ба илүү тав тухыг мэдрэхийг хүсэгчид премиум класс үйлчилгээг ч авах боломжтой аж.
Комфорт класс зэрэглэлийн суудлын тасалбарын үнэ 15 ам.доллароос эхэлж байгаа бол премиум класс зэрэглэлийн тасалбарын үнэ 33 ам доллароос эхлэх аж. Одоогийн байдлаар Etihad Rail компани тус бүр 400 хүний багтаамжтай 13 галт тэргээр үйлчлэх аж.
CNN News









