
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 1024 бөх зодоглуулах, улмаар барилдааныг гурван өдөр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ асуудалд бөхчүүд, тайлбарлагчид болон албаныхан өөр өөрсдийн байр суурь илэрхийлж буй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдана. Наадмын нэг, хоёрын даваа долдугаар сарын 10-нд явагдана. Мөн энэ өдөр барилдах бөхийн барилдаан үнэ төлбөргүй байна. Харин наадмын нээлтийн үйл ажиллагааг долдугаар сарын 11-ний орой дахин тоглоно.” хэмээн мэдээлсэн. Түүнчлэн Үндэсний бөхийн барилдааны тухай хуульд улсын баяр наадамд 10 жил тутамд 1024 бөх барилдуулах заалт бий гэдгийг хэлсэн юм.

Олон нийтийн дунд “1024 бөх барилдуулах нь хууль зөрчих эрсдэлтэй, чанаргүй цолтон олноор төрөх магадлалтай, мөн гурван өдөр сунгавал найраа нэмэгдэнэ.” гэсэн шүүмжлэл гарчээ.
Улсын арслан Э.Оюунболд 1024 бөх барилдахыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Хүмүүс чанаргүй цолтон гараад байна гэж байна, чанаргүй цол гэж байхгүй шүү дээ.” гэсэн байр суурьтай байна.
Спортын тайлбарлагч С.Шижирбат харин эсрэг байр суурийг илэрхийлж, “1024 бөхийг хоёр өдөрт барилдуулж болдог байтал гурван өдөр болговол найраа хийх боломж нэмэгдэнэ. Оройжин, шөнөжин бөхчүүд хоорондоо уулзаж, ярих нөхцөл бүрдэнэ.” гэжээ.
Дархан аварга Н.Батсуурь мөн гурван өдөр барилдахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, “Бөхчүүдийн эрх ашиг гэж бий. 1024 бөх хоёр өдөр барилдаад болоод байсан.” гэлээ.


Мөн барилдааныг долдугаар сарын 10-наас эхлүүлэх нь есөн хөлт цагаан тугийг тойрох уламжлалд сөргөөр нөлөөлж буйг сануулж байна.











